Хүүхэд хамгааллын бодлогыг гэртээ хэрэгжүүлье

Нэмэгдсэн: 2020-02-10 18:02:20

Хүүхэд хамгааллын бодлогыг гэртээ хэрэгжүүлье

 

С.УЯНГА

Анхаарал болгоомжоо жаахан ч сулруулж болохгүй зүйл бол хүүхэд хамгаалал гэдгийг ойлгох хугацаа хангалттай өнгөрсөн. Эцэг, эхчүүд хараа хяналтаа сайжруулж, хариуцлагатай байхгүй л бол нүд ирмэх зуур ямар аюул болдгийг монголчууд бишгүй амслаа. Найман жилийн өмнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд нэг айлын хоёр хүүхэд гэртэйгээ шатаж, нас барсан. 2016 онд Хан-Уул дүүрэгт айлын гэр шатаж гурван хүүхэд эндэж байв. Мөн Хэнтий аймагт нэг айлын хоёр хүүхэд галд өртсөн, ах дүү хоёр усанд осолдсон. Хамгийн сүүлд Дархан-Уулд нэг айлын гурван хүүхэд тогонд цохиулж нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Энэ бүхэнд нийтээрээ гашуудаж, төр засгийг зүхээд өнгөрдгөөс биш анхаарал сэрэмжээ дээшлүүлж байсан бол дээрх харамсалтай хэргүүд гарахгүй байлаа. Тиймээс хүүхдээ хамгаалахад эцэг, эхчүүд хариуцлага, сэрэмжээ дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Монголын нөхцөлд бүх хүүхдийг цэцэрлэг, сургуульд хамруулах, бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд хүүхдээ хараад гэртээ суух боломж хомс. Олон балчир хүүхдээ гэртээ цоожлоод ажилдаа явдаг нь өнөөдрийн бодит байдал. Нэгэнт үүнтэй эвлэрэхээс өөр аргагүйгээс хойш төрд хүүхэд хамгаалах бодлого алга гэж том дуугарч, хийсвэр мөрөөдөхөө больё. Харин үүний оронд эцэг, эхчүүд дор бүрнээ хүүхдээ хамгаалж болно. Наад зах нь л хүүхдүүдээ үлдээгээд ажилдаа явахдаа сониуч занг нь хөдөлгөж аюулд оруулах бүхнийг хол тавьж байя. Усны крант, цахилгааны залгуур, халуун сав, ус буцалгагч, асаагуур, хийн плитка гээд хүүхдийг аюулд оруулж мэдэх бүх эд зүйлсээ шалгаж нягталдаг болчихвол хүүхэд хамгаалалд бага ч болов ахиц гарна.

Мөн өндрөөс унахаас сэргийлж цонх,  тагтны аюулгүй байдлыг шалгах, хаалт хязгаарлалт заавал хийх. Танихгүй хүнд хаалга онгойлгож өгч болохгүй, өөрөө гал түлж, ус буцалгах гэж оролдохгүй байхыг сайн захиж хэлэх, төрөл бүрийн цэвэрлэгээний бодисыг далд газарт хадгалах хэрэгтэй. Мэдээж боломжтой бол бага насны хүүхдийг харгалзах хүнгүй үлдээж болохгүй.

Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн хүүхэдтэй холбоотой осол гэмтлийн мэдээллээс харахад ихэнх нь эцэг эхчүүд анхаарч болгоомжилж, засч сайжруулж болох ахуйн осол байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн жилийн тоон мэдээллийг бүхэлд нь харахад улсын хэмжээнд  4681 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 202 хүн амь насаа алдсаны 32 буюу 15.8 хувь нь хүүхэд байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 46 хувиар буурсан нь сайшаалтай ч ямар үед хүүхэд эндэх учиргүй билээ.

2019 онд аюулт үзэгдэл, ослын улмаас амь насаа алдсан 32 хүүхдийн 18 буюу  56.2 хувь нь эрэгтэй, 44 буюу 43.8 хувь нь эмэгтэй байна. Эдгээр амь насаа алдсан хүүхдүүдийн 71.8 хувь буюу 23 хүүхэд хөдөө орон нутагт, 28.2 хувь буюу ес нь  Улаанбаатар хотод байна.

Аюулт үзэгдэл, ослын улмаас амь насаа алдсан хүүхдийн 46.8 хувь буюу 15 хүүхэд объектын гал түймэрт, 31.3 хувь буюу 10 хүүхэд усны ослоор, 6.3 хувь буюу хоёр хүүхэд үерийн улмаас, 15.6 хувь буюу таван хүүхэд бусад осолд өртөж амь насаа алдсан харамсалтай тоон мэдээлэл бий.

Энэ дундаас хүүхэд хамгийн их өртдөг, эрсдэл өндөр нь ахуйн гал түймэр. Бага насны хүүхдүүд галаа түлэх гэж оролдох, цахилгааны залгуур, ачааллаас болж обьектын гал түймэр их гарч байгаа юм. 2019 онд улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 3908 удаа гарч 54 хүн амь насаа алдсанаас 15 хүүхэд, түлэгдэж, бэртсэн 68 хүнээс зургаан хүүхэд байна. Гал түймэрт өртөж амь насаа алдсан хүний 27.7 хувь нь бага насны хүүхэд байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нас барсан хүүхэд 48.3 хувиар, түлэгдсэн хүүхэд 57.1 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Онцгой байдлын байгууллагаас бага насны хүүхдүүд обьектын гал түймэрт өртөж амь насаа алдаж байгаа шалтгааныг судалж үзэхэд  эцэг, эхчүүд бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй үлдээсэн. Хүүхдийг цоожилж орхисон, пийшин, зууханд эвдрэл гэмтэл гарсан, цахилгааны утас, залгуурын бүрэн бүтэн байдал алдагдсан, ил гал гарах зүйлс, шатах, тослох материалыг хараа хяналтгүй байлгаснаас гал түймэр гарч хүүхэд өртөх эрсдэл өндөр байгааг тогтоожээ.

Харин сүүлийн гурван жилийг харвал ахуйн гал түймрийн улмаас 2017 онд 20 хүүхэд нас барж, 12 хүүхэд түлэгдэж гэмтсэн. 2018 онд 33 хүүхэд нас барж, 15 хүүхэд түлэгдэж гэмтсэн. 2019 онд 15 хүүхэд нас барж, зургаан хүүхэд түлэгдэж гэмтжээ. Усны ослын улмаас 2017 онд 13 хүүхэд, 2018 онд 21 хүүхэд, 2019 онд 10 хүүхэд нас барсан байна. Тиймээс эцэг, эхчүүд алаг үрээ хамгаалахын тулд эхлээд өөрсдөө хариуцлагатай хандаж ахуйн ослоос сэргийлэх нь зөв юм. Үр хүүхдээ хамгаалах хамгийн зөв зүйл нь хүүхэд хамгааллын бодлогыг гэртээ хэрэгжүүлж, аюулгүй орчинг нь бүрдүүлье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.2.10  ДАВАА  № 27, 28 (6252, 6253)

Төрийн байгууллагуудын мэдээлэл