Г.БАЯРСАЙХАН: ЯПОН УЛС МАНАЙД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХААР ТОХИРОЛЦЛОО

Нэмэгдсэн: 2016-06-04 16:08:40


Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Япон улсад хийсэн ажлын айлчлалаа өндөрлөөд өчигдөр эх орондоо ирлээ. Тэрбээр ирсэн даруйдаа “Чингис хаан” олон улсын нисэх буудалд сэтгүүлчдийг урьж хэвлэлийн бага хурал хийлгэсэн юм. Хэвлэлийн бага хуралд айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцож мэдээлэл хийлээ.

Япон улсад хийсэн айлчлалын хүрээнд тус улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ошима, Зөвлөхүүдийн танхимын дарга M.Ямазаки нартай уулзаж, парламент хоорондын харилцааг хөгжүүлэх талаар ярилцсан болохыг УИХ-ын дарга З.Энхболд хэвлэлийн хурлын эхэнд онцолсон. Тэрбээр мөн Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэтай уулзан, хоёр орны эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг цаашид хэрхэн хэрэгжүүлэх талаар ярилцсан болон Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр энэ сарын 7-ноос албан ёсоор хэрэгжиж эхэлснээр хоёр улсын хооронд 8000-9000 орчим нэр төрлийн бараа татваргүй болж байгаа таатай мэдээг сэтгүүлчдэд дуулгалаа.

УИХ-ын даргын Япон улсад хийсэн айлчлалын үеэр хөдөлмөрийн салбартай хамаатай нэгэн чухал баримт бичигт гарын үсэг зуржээ. Монгол-Японы Засгийн газар хооронд анх удаа байгуулсан “Хөдөлмөрийн салбар дахь хамтын ажиллагааны санамж бичиг”-т Монголын талаас Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Японы талаас тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн сайд Я.Шиозаки нар гарын үсэг зурсан бөгөөд үүгээр мэргэжилтэн солилцоог хоёр улсын хооронд чөлөөтэй хийх боломжийг бүрдүүлсэн тухай Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан сэтгүүлчдэд танилцууллаа.

Тэрбээр “Хөдөлмөрийн салбар дахь хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг байгуулах талаар гэрээ хэлцэл хоёр орны Засгийн газар хооронд сүүлийн найман сарын хугацаанд тасралтгүй явагдаж байсныг онцлоод “Энэ сарын 7-ноос хүчин төгөлдөр болох Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд эдийн засгийн харилцааг идэвхжүүлж, худалдаа, хөрөнгийн эргэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ манай улс Япон улсаас өндөр технологи, ноу-хау импортлох, монгол залуусыг тус улсад мэргэшүүлэх, дадлагажуулах шаардлагатай. Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яам хооронд уг санамж бичгийг байгуулснаар энэ боломжийг бүрдүүлж, цар хүрээг өргөжүүлэн тэлж байна. Санамж бичгийн хүрээнд хоёр орны Засгийн газар хэлэлцээд Монгол Улсын хөгжилд шаардлагатай хэмжээгээр Япон улс дадлагажигч хүлээн авахаар тохиролцлоо. Хөдөлмөрийн яамны зүгээс монгол залуусыг МСҮТ-өөр дамжуулан хэлний бэлтгэлд хамруулан, Японд дадлагажуулах юм. Энэ ажлыг даруйхан эхлүүлэх болно” гэв.

 Түүнчлэн саяхан Засгийн газрын шийдвэрээр Дадлагажигч ажилтны шилжилт хөдөлгөөний төв байгуулагдсаныг сайд яриандаа дурдсан юм. Мөн Япон улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд хөдөлмөрийн асуудал хариуцсан атташетэй болж удирдлагад нь энэ чиглэлээр мэргэшсэн хүмүүс бүхий баг  ажиллуулахаар болсныг дуулгасан.

Айлчлалын үеэр Японы гурван компанийн үйл ажиллагаатай танилцсан төдийгүй монгол залуус дадлагажигчаар ажиллаж байгаа үйлдвэрээр оржээ. Монголд үйлдвэрлэсэн нарны зайгаар Японд нарны эрчим хүчний станц байгуулан ажиллуулж байгаа компанид мэргэжилтнээр ажилладаг Баянхонгор аймгийн залуутай уулзсанаа УИХ-ын дарга мэдээллийн үеэр ярьсан юм. Тэрбээр “Монгол залуусыг Япон руу дадлагажигчаар явуулах нь шинэ ажил биш, хэрэгжээд 10-аад жил болж байна. Тэр хүмүүс анх Японд очиж ажил сураад, эргэж эх орондоо ирж нарны зай үйлдвэрлээд, тэр нь Япон руу экспортлогдож байна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдахаас өмнө хийгдсэн, зайлшгүй дэмжих ёстой ажлууд байгаа. Дээд сургууль биш гэхдээ дунд шатны мэргэжилтнүүд хэдэн зуун мянгаараа бидэнд хэрэгтэй байна шүү дээ. "Шибасаки" гэж бидний очсон үйлдвэр автомашины эд анги үйлдвэрлэдэг. Тэнд монгол залуучууд ажиллаж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанар шалгаад байж байна. Тэр компанийн салбар нь Монголд байдаг. Одоо хэрэгжиж эхлэх Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн дагуу иймэрхүү компаниудын ажиллах нөхцөл улам сайжирна. Тэгэхээр нэг жилийн хугацаанд компаниуд ямар бэлтгэл хангасныг удахгүй та бүхэн харах байх. Үүний зэрэгцээ бид мэргэжилтний солилцоог хоёр тийш нь чөлөөтэй хөрвүүлэх талаар ярьж байна. Энд ч байсан, тэнд ч ажилласан ялгаагүй нийгмийн даатгал, тэтгэврийн шимтгэл нь төлөгдөж байхаар бүх зохицуулалтыг хийхээр ажиллаж байна. Нэг тонн нүүрс өнөөдөр 30-хан ам.доллар. Гэтэл нэг тонн нүүрснээс гаргаж авдаг бодисууд 1000-1500 ам.доллар байгаа. 30 ам.долларын түүхий эдийг далайн эрэг рүү төмөр замаар зөөх үү, 1000-1500 ам.долларын тонн жинтэй барааг далайн эрэг рүү зөөх үү гэдэг сонголт л бидний өмнө байна. Тийм учраас цэвэр нүүрсний технологийн төв байгуулж нүүрсээ хувиргана. Хувиргасны үр дүнд өртөг нь Монгол Улсад үлдэнэ. Тэр хэмжээгээр ажлын байр бий болно. Тиймээс бид энэ ажлыг хийж чаддаг, олон мянган монгол залуусыг Косен гэдэг сургуулиар нь  нь дамжуулан сургана. Ийм маягаар ажил урагшаа явна уу гэхээс хэдхэн жилийн өмнө байсан 100 гаруй долларын нүүрсний өндөр үнийг санагалзаад байх юм бол энэ улсын хөгжил явахгүй” хэмээсэн юм.

- See more at: http://www.mol.gov.mn/nodes/view/type:news/slug:G.Bayarsaihan-Yopon-uls-manaihaas-dadlagajigch%20avna#sthash.q0Fv9O3p.dpuf

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл