Г.Баярсайхан: Аравдугаар сарын 15-ныг “Хүний нөөцийн ажилтны өдөр” болголоо

Нэмэгдсэн: 2016-04-25 16:53:31

 Хөдөлмөрийн яамнаас Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавъяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журмын “Тэмдэглэлт өдөр” хэсэгт “Хүний нөөцийн ажилтны өдөр”-ийг бий болгож, жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдөр тэмдэглэж байх заалтыг нэмж тусгуулахаар тогтоолын төсөл боловсруулан, Засгийн газрын 2016 оны дөрөвдүгээр сарын 18-ны хуралдаанаар хэлэлцүүлсэн юм. Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг дэмжсэнээр Монгол Улс “Хүний нөөцийн ажилтны өдөр”-тэй боллоо. Энэ тухай Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханаас тодрууллаа.

-Танай яам “Хүний нөөцийн ажилтны өдөр”-тэй болохоор тогтоолын төсөл Засгийн газрын хуралдаанд оруулсан. Засгийн газар дэмжсэн учраас аравдугаар сарын 15-ныг “Хүний нөөцийн ажилтны өдөр” хэмээн албан ёсоор зарлах боломжтой юу?

-Монгол Улсын Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн тав дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдээс бусад ой, түүхэн үйл явдал, салбарын болон зарим ажил мэргэжлийн ажилтан, ажилчдын өдөр, энэ хуульд зааснаас бусад олон улсын байгууллагаас дэлхий нийтээр тэмдэглэхээр тогтсон тэмдэглэлт өдрийг Засгийн газар тогтооно” гэж заасан байгаа. Тиймээс Засгийн газрын шийдвэр гарснаар энэ өдрийг албан ёсоор “Хүний нөөцийн ажилтны өдөр” болголоо гэсэн үг.

-Ийм өдөртэй болох зайлшгүй шаардлага байсан юм уу?

-Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэнгээс гаргасан судалгаагаар Монгол Улсад 2015 онд үйл ажиллагаа явуулж байгаа 64 мянга гаруй аж ахуйн нэгж байгууллагад хүний нөөцийн асуудал хариуцсан 50 мянга гаруй мэргэжилтэн, мөн хүний нөөцийн удирдлага, зохицуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  арав гаруй мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллага ажиллаж байгаа юм билээ. Дээрх мэргэжлийн холбоод, ТББ-ууд хамтран 2010 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 15-нд “Global HR Forum” чуулганыг тасралтгүй зохион байгуулж, оролцогчид нь байгууллагынхаа хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, цаашдын анхаарах арга хэмжээнүүдийн талаар шийдвэрлэх гарц боломжуудыг хэлэлцэж ирсэн.  Тэд анхны чуулганаараа хүний нөөцийн ажилтны өдөртэй болох санаачлага гаргаж, эрх зүйн хүрээнд төрийн бодлогоор дэмжиж, албан ёсоор шийдвэрлүүлж өгөх талаар манай яаманд удаа дараа хүсэлтээ ирүүлсний дагуу бид судалж үзээд тогтоолын төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулсан юм.

-Хүний нөөцийн ажилтны өдөртэй улс орон хэр олон байдаг юм бол?

-Олон улсад ийм туршлага бий. Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн өдрийг зарим улс орнуудад уламжлал болгон тэмдэглэдэг. Тухайлбал,  АНУ-д наймдугаар сарын 11-нийг “Хүний нөөцийн өдөр”, манай хойд хөрш ОХУ “Хүний нөөцийн ажилтны өдөр”-ийг аравдугаар сарын 16-нд, Украйнд есдүгээр сарын 18-ныг “Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн өдөр” гэж тэмдэглэдэг юм билээ. Иймээс орчин үеийн хүний нөөцийн удирдахуйн чиг хандлагын хүрээнд байгууллагын удирдлага, ажилтны итгэлцлийг бэхжүүлэх, хүний нөөцийн бодлого хэрэгжилт, үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Хүний нөөцийн ажилтны өдөр”-ийг бий болгох нь зөв гэж үзсэн.

2016-04-25

- See more at: http://www.mol.gov.mn/nodes/view/type:news/slug:G.Bayarsaihan-Hunii-nuutsiin-udur#sthash.A48kNKTQ.dpuf
Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл