Г.Баярсайхан: Хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд онцгой анхаарна

Нэмэгдсэн: 2016-04-11 15:46:42

 

Г.Баярсайхан: Хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд онцгой анхаарна

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан энэ сарын 8-нд Хүүхдийн ордонд болсон Хүнс, хөдөө аж ахуйг үйлдвэрлэл эрхлэгчдийн VII зөвлөлгөөний нээлтэд оролцож үг хэллээ. Тэрбээр Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 18 орчим хувийг үйлдвэрлэж, нийт ажиллах хүчний 30 хувийг ажлын байраар хангадаг гэдэг утгаараа төрийн бодлогын төвд байдаг үндсэн том салбар гэдгийг онцлоод “Засгийн газраас малчид, тариаланчдын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, мал аж ахуй, газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийг  хөгжүүлэхэд байнгын онцгой анхаарал хандуулж байдаг тул хөдөө аж ахуйн салбарт ажиллах хүчний хэрэгцээ их байдаг. Иймд дээрх ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийг хангах зорилгоор өнгөрсөн онд хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний хүрээнд хөдөө аж ахуйн салбарт 5697 ажлын байрны захиалга ирүүлж,  4605 хүн ажилд зуучлагдсан байна.  Энэ оны эхний хоёр сарын байдлаар 99 хүн хөдөө аж ахуйн салбарт ажлын байртай болсон. Улирлын онцлогийг дагаад энэ тоо цаашид огцом өснө. Хөдөлмөрийн яамнаас хэрэжгжүүлж байгаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын нэг гол чиглэл нь малчид, тариаланчдын залуу халааг бэлтгэх, иргэдэд аж ахуй эрхлэх ур чадвар олгох явдал юм. 2015-2016 оны хичээлийн жилд хөдөө аж ахуйн чиглэлийн 27 мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад 26 мэргэжлээр 2111 суралцагч сурч байгаагийн 1211 нь төгсөх ангийнх. Гэхдээ бидэнд тулгамдаж байгаа нэг асуудал бий. Өсвөр залуу үеийнхэн мал маллах, ногооны талбайд ажиллахаас халшрах хандлага ажиглагдаж байна. Үүнийг өөрчлөхийн тулд бид хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжилтнийг бэлтгэхэд онцгой анхаарал хандуулж, сургалтын арга хэлбэртээ өөрчлөлт оруулж, залуусыг татах чиглэлд  ажиллах шаардлагатай байгаа. Тиймээс энэ салбарын мэргэжлийн анги, оюутны тоог нэмэх чиглэлийг баримтлах болно” хэмээсэн юм.

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан чуулганд зориулан гаргасан “Хүнс, хөдөө аж ахуйн салбар-Бид ургуулж үйлдвэрлэнэ” үзэсгэлэнг үзэж, өөрсдөө тарьж ургуулан, боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй үндэсний үйлдвэрлэгчидтэй уулзаж санал бодлыг нь сонсч, бүтээгдэхүүнээс нь худалдаж авлаа.

- See more at: http://www.mol.gov.mn/nodes/view/type:news/slug:G.Bayarsaihan-huduu-aj%20ahuin-salbar#sthash.cE1K1kLn.dpuf
Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл