Г.Баярсайхан:Ажлын байрны эрүүл мэнд манайд төдийгүй дэлхийд тулгамдаж байна

Нэмэгдсэн: 2016-04-04 10:34:48


Хөдөлмөрийн яамнаас жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулдаг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны нээлтийг өнгөрсөн баасан гаригт “Улаанбаатар” зочид буудлын “Хөх асар” хүндэтгэлийн танхимд хийлээ.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас санаачлан жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ныг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэсэн бөгөөд үүнийг дэмжиж манай улс 2012 оноос хойш Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг зохион байгуулж буй юм.  

ХАБЭА-н хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах кампанит ажил өрнүүлэх зорилготой сарын аяныг Хөдөлмөрийн яам, харьяа төвүүд, МҮЭ-ийн холбоо, МАОЭНХ, аймаг, нийслэл, дүүргийн  Хөдөлмөрийн газар, хэлтэс хариуцан аймаг, орон нутгийнхаа ХАБЭА-н салбар зөвлөл, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, мэргэжлийн хяналт, нийгмийн даатгал эрүүл мэндийн газар, хэлтэс, нийгмийн түншлэлийн талуудтай хамтран зохион байгуулдаг.  

Сарын аяны нээлтэд зориулан “Хөдөлмөрийн эрүүл мэндийн төлөв байдал, тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг Хөдөлмөрийн яамнаас  санаачлан зохион байгуулсан бөгөөд  УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан,  МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МАОЭНХ-ны зөвлөх Д.Жанцан нар оролцож үг хэллээ. 

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан ХАБЭА-н дэлхийн өдрийг угтан “Ажлын байрны хөдөлмөрийн эрүүл мэндийг сайжруулъя” уриа дэвшүүлж, үйлдвэрлэлийн ослыг бууруулах, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажлын байрны соёлыг сайжруулах олон хэлбэрийн арга хэмжээг сарын аяны үеэр зохион байгуулахаар төлөвлөснийг дуулгаад  “Ажлын байрны хөдөлмөрийн эрүүл мэндийн асуудал манай улсад төдийгүй дэлхий дахинд анхаарал татаж буй сэдэв юм. Хөдөлмөрийн яам өнгөрсөн 2015 онд ХАБЭА-н тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх дүрэм, аж ахуйн нэгж, байгууллагад ХАБЭА-н зөвлөл, нэгж, ажилтан ажиллуулах норматив батлах тухай болон ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журмыг шинэчлэн батлах зэргээр хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон улсын түвшинд нийцүүлэхэд чиглэсэн ажил олныг хийсэн.

Хэдийгээр ОУХБ-ын 187 дугаар конвенцээр тогтоосон ХАБЭА-н төрийн бодлого, хууль, хөтөлбөр, стандарт, холбогдох журам, дүрэм, бүтэц, тогтолцоо манай улсад хангалттай ч аж ахуйн нэгж, байгууллагуудын түвшинд мөрдөж хэрэгжүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүнг тооцох асуудал ихээхэн учир дутагдалтай байна.   

Ганцхан жишээ хэлэхэд миний бие саяхан Ус сувгийн удирдах газрын харьяа төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцахад, тэнд ажлын байрны нөхцөл туйлын хүнд байна. Тус төвийн зарим ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт судалгаа хийж, нөхцөлийн талаар дүгнэлт гаргах ажлыг Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвд үүрэг болгосон.

Энэ дагуу Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар батлагдсан ажил, мэргэжлийн жагсаалтанд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар  Хөдөлмөрийн яаманд өмнө ирсэн дүгнэлт саналыг хамтад нь судалж, шийдвэрлэх асуудлыг хуульд заасны дагуу Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай хамтран хийхээр ажиллаж байна.  

2016 онд ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуйн доргион, шуугиан, гэрэлтүүлгийн стандартыг шинэчлэн боловсруулж, батлуулах ажлыг хийж байна. Энэ нь стандартын хэм хэмжээ, шаардлага хангасан ажлын байрны хэмжилт судалгаа хийх, дүгнэлт гаргахад ач холбогдолтой юм” хэмээн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр барьж буй бодлогоо товч танилцуулсан.

Түүнчлэн үйлдвэрлэлийн ослын 2015 оны мэдээг авч үзвэл, 383 осол бүртгэгдэж, 48 хүн амь насаа алдаж, 25 хүн тахир дутуу болж, 325 хүн хөдөлмөрийн чадвараа түр алдсан байна. Уул уурхай, барилга, зам тээвэр, боловсрол, эрүүл мэндийн салбарт үйлдвэрлэлийн осол их байна. 2015 онд бүртгэгдсэн нийт ослын 6,8-8,3 хувь нь эрүүл мэнд, боловсролын салбарт гарсан нь зүй ёсоор дүгнэлт хийх асуудал болж байна. 

2015 оны байдлаар мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас 3777 хүн эмчийн идэвхтэй хяналтанд байна. Мэргэжлээс шалтгаалсан өвчнийг төрлөөр нь авч үзвэл, 53.2 хувь нь дотрын, 21.7 хувь нь мэдрэлийн, 2.2 хувь нь доргионы, 9.45 хувь нь мэс заслын, 5.16 хувь нь чих хамар хоолойн, 0.95 хувь нь арьс харшлын, 0.34 хувь нь туяаны өвчин эзэлж буй бөгөөд 9.1 хувь нь төрөл бүрийн бодисын хордлоготой байгааг Хөдөлмөрийн сайд мэдээлэлдээ дурдсан. 

Энэ удаагийн хэлэлцүүлэгт “Мэргэжлээс шалтгаалсан өвчний өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал” сэдвээр Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн эмч Д.Хишигтогтох, “Ажлын байрны хөдөлмөрийн эрүүл мэндийг сайжруулах арга зам, олон улсын туршлага” сэдвээр АШУҮИС-ийн НЭМС-ийн Хөдөлмөр, орчны эрүүл мэндийн институтийн захирал, доктор Д.Нарансүх, “Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн эрүүл ахуйн талаар анхаарах асуудал, туршлага” сэдвээр ДЦС-IY ТӨХК-ийн ХАБЭА-н хяналтын инженер Г.Чогдон нар илтгэл тавьж мэдээлэл өглөө.

Илтгэгчид ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх байгууллагуудыг чадаюхижуулах, өрсөлдөөн бий болгох, тэтгэвэрт хөнгөлөлтэй нөхцөлөөр гаргах ажил мэргэжлийн жагсаалтыг шинэчилж, нэмэлт өөрчлөлт оруулах, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгоход ажил олгогчдын үүрэг хариуцлагыг өндөржүүлэх зэрэг асуудлыг хөндсөн.

  Энэ хэлэлцүүлгийн гол зорилго нь ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахад тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо чөлөөтэй солилцох, цаашид хийх ажил, арга замаа тодорхойлоход чиглэсэн бөгөөд оролцогчид ч үнэтэй санал олныг хэлж ярьсан бөгөөд үйлдвэрлэлийн ослын тоо буурахгүй, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдалт нэмэгдэж байгаа нь анхаарах асуудал гэдгийг онцлон тэмдэглэж байв.

- See more at: http://www.mol.gov.mn/nodes/view/type:news/slug:G.Bayarsaihan-Ajliin-bairnii-eruul-mend#sthash.4M20JUXX.dpuf
Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл