Дэд сайд нар яамны албан хаагчидтай уулзлаа

Нэмэгдсэн: 2014-12-22 12:56:19

Дэд сайд нар яамны албан хаагчидтай уулзлаа

Энэ сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэнд, спортын дэд сайдаар Д.Атармаа, Т.Болдбаатар нар томилогдсон.

Тэгвэл өнөөдөр /2014.12.22/ Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба дэд сайд нарыг яамны нийт ажилтан, албан хаагчдад албан ёсоор танилцуулж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн шинэчлэгдсэнтэй холбогдон гарсан зарим тогтоол, шийдвэрүүдийн талаар мэдээлэл өглөө.

Тэрээр өмнөх Засгийн газрын ололттой ажлуудыг үргэлжлүүлж, засаж сайжруулах шаардлагатай асуудлуудыг зоригтой шийдэж, тулгамдсан чухал асуудлаас ажлаа эхэлж байгаагаа онцлоод дэд сайд нартай хамтран салбарын хөгжлийн төлөө ямар нэг ашиг сонирхлын зөрчилгүй, намын талцалгүй ажиллахаа илэрхийллээ.

Д.Атармаа: Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний асуудлыг төрийн бодлогын түвшинд гаргахын төлөө ажиллана

- Эрүүл мэндийн салбарт бодлогын хувьд хийж хэрэгжүүлэх олон ажил байна. Эрүүл мэндээ хариуцан ажиллаж байгаа сайдын хувьд юуны өмнө эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой асуудлыг төрийн бодлогын түвшинд хүргэхийн төлөө ажиллана. Мөн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийг иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль болон бусад эрх зүйн баримт бичгүүдтэй уялдуулж зөв, оновчтой болгох, шинээр баригдаж байгаа эмнэлгийн барилгын асуудлуудыг шийдэхэд бүхий л бололцоогоо дайчлан ажиллана. Та бүхэнтэй хамтран ажиллах гэж байгаадаа баяртай байна.

Т.Болдбаатар: Спорт, эрүүл мэнд хоёр салшгүй холбоотой салбар

- Спорт, эрүүл мэнд хоёр салшгүй холбоотой салбар. Миний хувьд та бүхэнтэй нэг баг болон ажиллах болсондоо баяртай байна. Одоогоор Засгийн газраар яамдын бүтэц албан ёсоор батлагдаагүй байгаа. Удахгүй бүтэц тодорхой болоод ирэхээр олон чухал асуудлыг хамтдаа шийдвэрлэж, үр дүнг нь харна гэдэгт итгэлтэй байна.

Төрийн байгууллагуудын мэдээлэл