ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.17/

Нэмэгдсэн: 2014-12-17 18:48:13

ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.17/

2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 10.00 цагийн байдлаар:

МОНГОЛ УЛСАД:

Архины хордлогоор 189 хүн эмнэлэгт ханджээ

12 дугаар сарын 09-ний өдрөөс 12 дугаар сарын 15-ны хооронд Нийслэлийн дүүргүүдийн Нэгдсэн эмнэлэг болон Наркологийн төв, Энэрэл эмнэлэгт архины хордлогоор нийт 189 хүн хандаж, 29 хүн хэвтэн эмчлэгдсэн байна. Үүний 61 хувь нь СХД-ийн Нэгдсэн эмнэлэг болон Наркологийн төвд ханджээ.

Эх сурвалж: НЭМГ

АНХААРУУЛГА

Шинэ жилийн баяр тэмдэглэхдээ согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс болж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал гарсаар байна.

Иймд иргэд, албан байгууллагуудыг шинэ жилийн баяраа “Архигүй” тэмдэглэж, бие биенээ архиар шахахгүй байх, өлөн байхдаа архи, согтууруулах ундааг аль болох хэрэглэхгүй байх, олон төрлийн согтууруулах ундааг хольж хэрэглэхгүй байх, архи, дарс хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал гэрт нь хүргэж өгөх, албан байгууллага ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангахыг Эрүүл мэнд, спортын яамны Шуурхай удирдлагын төвөөс зөвлөж байна.

ДЭЛХИЙ ДАХИНД:

Эбола вируст халдвараар 639 эрүүл мэндийн ажилтан өвчилжээ

2014 оны 12 дугаар сарын 07-ны байдлаар дэлхийн 9 улсад эбола вирусээр 18008 хүн өвчилж, 6437 (35%) хүн нас барж, 12 дугаар сарын 03-ны өдрөөс хойш 797 шинэ тохиолдол, нас баралт 381 хүнээр тус тус нэмэгджээ. Нийт 639 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 54% (349) нь нас барсан нь өмнөх мэдээллээс хойш 17 хүнээр нэмэгдсэн байна.

Гвинейд өвчний дэгдэлт бага зэрэг нэмэгдэж, 12 дугаар сарын 7-ны байдлаар 103 батлагдсан болон болзошгүй тохиолдол, Либерит буурч, 12 дугаар сарын 3-ны байдлаар 29 батлагдсан тохиолдол, харин Сьерро-Леонд нэмэгдэж, 12 дугаар сарын 07-ны байдлаар 397 батлагдсан тохиолдол нэмэгдэн бүртгэгджээ.

Эх сурвалж: ДЭМБ

Шуурхай удирдлагын төв 

Төрийн байгууллагуудын мэдээлэл