ЭХЭМҮТ-д хэрэгжиж буй зайн оношилгооны төслийн хэрэгжилтийг сайшаалаа

Нэмэгдсэн: 2014-12-16 09:39:16

ЭХЭМҮТ-д хэрэгжиж буй зайн оношилгооны төслийн хэрэгжилтийг сайшаалаа
НҮБ-ын Хүн амын сангийн Удирдлага, санхүүгийн газрын дарга Субхаш Губта Монгол улсад хийх айлчлалынхаа хүрээнд ЭХЭМҮТ-д зочилж, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр тус төвд хэрэгжиж буй зарим төсөл, хөтөлбөрүүдтэй танилцлаа. Тус үйл ажиллагаанд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, ЭМЯ, НҮБ-ын Хүн амын сангийн холбогдох албаныхан, ЭХЭМҮТ-ийн хамт олон оролцлоо.

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба НҮБ–ын ХАС–гийн төв байгууллагаас манай улсад албан ёсны айлчлал хийж ноён Субхаш Губта болон түүний багийн хамт олонд хандан эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай биечлэн танилцаж байгаад нь талархал илэрхийлж, амжилт хүссэн юм. Мөн тэрээр, “Люксембургийн Засгийн газар, НҮБ-ын ХАС-гийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 2007 оноос эхлэн хэрэгжиж байгаа “Эх, нярайн тусламжид зайн оношилгооны дэмжлэг үзүүлэх” төсөл нь эх, нярайн тусламжийн чанарыг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулж, ялангуяа оношилгоо, эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад үнэхээр өөрчлөлт гаргаж чадсаныг саяхан хийсэн үнэлгээний дүн харуулжээ.

Жишээ нь, Төсөл хэрэгжиж буй аймгуудад жирэмсний хүндрэл 33,4 хувиар буурч, орон нутгаас лавлагаа төв рүү шилжүүлэлт 30 хувиар буурсан үзүүлэлт харагдаж байна. Зайн оношилгооны сүлжээг амжилттай хэрэгжүүлсэн нь тархай бутархай суурьшилтай алслагдсан нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хугацаа алдалгүй үзүүлэхэд чухал ач холбогдолтой байгаад хөдөө орон нутгийн иргэд талархаж байна. Мөн орон нутагт ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн өдөр тутмын үйл ажиллагаанд чухал дэмжлэг болж байгаад эрүүл мэндийн салбарын үйлчилгээ үзүүлэгчид талархалтай байдаг” гэдгийг дуулгалаа. Түүнчлэн эрүүл мэнд, спортын сайд дээрх төслийг харьцангуй богино хугацаанд амжилттай хэрэгжүүлэхэд ЭХЭМҮТ–ийн хамт олон маш их чармайлт гаргаж ажилласныг цохон хэлсэн юм.

Ноён Субхаш Губта тус үйл ажиллагааны үеэр үг хэлэхдээ, ЭХЭМҮТ-ийн “Эх, нярайн эндэгдлийн тандалт, судалгаа, хариу арга хэмжээний тогтолцоо” нь цаг үеэ олсон, үндэсний хэмжээний үзүүлэлт, тоо баримтын хариуцлагыг хангахад чухал систем гэдгийг онцолсон. Тэрээр төслийн хэрэгжилтийн ололт амжилтыг сэтгэл хангалуун хүлээн авснаа илэрхийлээд, энэ сайн туршлагыг бусад улс оронд айлчлах үеэрээ танилцуулж байх болно гэсэн юм.

Эх, нярайн тусламжид зайн оношилгооны дэмжлэг үзүүлэх төслийн цөм нь эх барих эмэгтэйчүүд, нярайн эмч нарын мэдлэг, ур чадварыг сайжруулах, тусламж үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм. Мөн уг төслийн хүрээнд олон шинэлэг зүйлийг бий болгожээ.

Тухайлбал, орон нутгийн эмч нарт зориулсан зайн сургалтын програм хангамж боловсруулах, ургийн оношилгоо, эмчилгээний орчин үеийн шинэ технологи нэвтрүүлсэн. Түүнчлэн үндэсний хэмжээнд байгуулсан сүлжээний ачаар эмч, мэргэжилтнүүд мэргэжлийн мэдээллийг цаг алдалгүй авч байгаагаас гадна ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч нартай байнга хамтран ажиллах боломжтой болсон бөгөөд энэ нь хөдөө орон нутаг дахь эхийн эндэгдэл, хүндрэлийг бууруулахад чухал хувь нэмэр болж байгаа гэдгийг энэ үеэр дуулгаж байлаа. 2012 онд энэхүү төслийг бүх 21 аймагт өргөжүүлж, эх, нярайн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг чанартай тусламж, үйлчилгээнд чадавхижуулах, лавлагаа төвд НҮЭМ-ийн үйлчилгээнүүд, тухайлбал пренаталь оношилгоо, тандалтын тогтолцоо, нөхөн үржихүйн орчин үеийн эмчилгээний лаборатори байгуулах зэрэг үйл ажиллагаанууд хэрэгжиж байгаа нь манай салбарт гарч буй томоохон дэвшил юм.

Төрийн байгууллагуудын мэдээлэл