Эрүүл мэнд, спортын сайд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллалаа

Нэмэгдсэн: 2014-12-16 09:37:56

Эрүүл мэнд, спортын сайд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллалаа
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба ЭМСЯ-ны харьяа байгууллагын үйл ажиллагаа, тусламж үйлчилгээний байдалтай газар дээр нь танилцах зорилгоор ЭХЭМҮТ-д ажиллалаа.

Тус төвийн хамт олон тусламж, үйлчилгээнийхээ байдал, мөн ЭХЭМҮТ-ийн хэмжээнд тулгамдаж байгаа асуудлаа салбарын сайдад танилцуулсан. Түүнчлэн төвийн үйл ажиллагаатай танилцахаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа, НЭМГ-ын дарга Ш.Энхбат, ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга нар хүрэлцэн ирсэн байлаа.

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба тус төвийн үйл ажиллагаатай танилцах явцдаа, “Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, салбарт ажиллаж, хөдөлмөрлөж байгаа нийт хүмүүсийн цалин хөлс, нийгмийн асуудал гээд эрүүл мэндийн салбарт шийдвэрлэх олон асуудал байгаа” гэдгийг хэлээд иргэн, хүн дээр бууж байгаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг жигд болгох нь чухал гэдгийг хэлсэн юм.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороог төлөөлөн ирсэн С.Одонтуяа гишүүн үг хэлэхдээ, “Эрүүл мэндийн салбарын яаралтай өөрчлөх эрх зүйн орчин юу байна, 2014, 2015 оны төсөвтэй холбоотой асуудлыг хэлэлцэх, ЭХЭМҮТ дээр Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээл хэрэгжих бөгөөд байр сууц, хүний нөөцийн асуудлыг судлах, харилцан мэдээлэл солилцох зорилгоор Эрүүл мэнд, спортын сайдтай хамт тус төвд өнөөдөр ажиллаж байна” гэлээ.

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв нь эх, эмэгтэйчүүд, хүүхдэд төрөлжсөн мэргэжлийн гуравдахь шатлалын лавлагаа тусламж, үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлдэг төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүд, 2 зөвлөх поликлиниктэй, эх хүүхдийн талаарх эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын ажлыг улсын түвшинд хариуцан ажилладаг сургалт, эрдэм шинжилгээний салбартай, үндэсний төв эмнэлэг юм.

Төрийн байгууллагуудын мэдээлэл