ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2013.04.09/

Нэмэгдсэн: 2013-04-27 14:48:28

ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2013.04.09/

 

АНУ-ын ажилгүйдлийн хэмжээ өндөр хэвээр байна.
АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчооноос өнгөрсөн 3-р сард тус улсын хэмжээнд 88 мянган ажлын байр шинээр бий болсны дийлэнх нь мэргэжлийн болон бизнес үйлчилгээний, мөн эрүүл мэндийн салбарт бий болсон бол жижиглэн худалдаалах салбарт их хэмжээний ажлын байр татан буугдсан гэсэн мэдээллийг өгөөд байна. Энэ нь хүлээж байснаас доогуур, сүүлийн 9 сарын хугацаанд хамгийн бага хэмжээний өсөлт бөгөөд АНУ-ын ажилгүйдлийн хэмжээ 7.6 хувь болж өмнөх сараас 0.1 нэгж хувиар буурчээ. АНУ-ын хүн амын өсөлттэй уялдуулж тооцоход сард 90 мянган ажлын байр нэмэгдэж байж тус улсын ажилгүйдлийн түвшин тогтмол байх тул энэ бол маш хангалтгүй үзүүлэлт юм. Энэхүү үзүүлэлт нь энэ оны эхнээс хамгийн өндөр орлоготой иргэдийн татварыг өсгөсөн, цалингийн шимтгэлийн хөнгөлөлтийг хүчингүй болгосон болон 3 дугаар сарын эхнээс Засгийн газрын зардлыг багасгасантай холбоотой гэж зарим судлаачид үзэж байна. 
Никкей индекс 2008 оноос хойш хамгийн өндөр хэмжээндээ хүрлээ. 
Өнгөрсөн Пүрэв гарагт Японы төв банкнаас өсөлтийг дэмжих, үнийн уналтыг зогсоох зорилгоор мөнгөний нийлүүлэлтийн хэмжээг 2 дахин өсгөх төлөвлөгөөтэй байгаагаа зарласны дараа хөрөнгийн бирж дээр Японы Никей индекс 13 мянгыг давж, 2008 оноос хойш хамгийн өндөр хэмжээндээ хүрлээ.  Энэ арга хэмжээний бас нэгэн зорилго бол Йений ханшийг сулруулж экспортдоо дэмжлэг үзүүлэх явдал гэж үзэж байгаа бөгөөд энэ нь биеллээ олох эхний шинж тэмдэг илэрч, Йенийн ханш 2009 оноос хойш хамгийн бага хэмжээнд хүрсэн байна. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ байдал ирэх сард хадгалагдана. Жилд 50 их наяд Йен буюу Японы ДНБ-ий 10 хувьтай тэнцэх хэмжээний Засгийн газрын бондыг худалдан авах, үүний зэрэгцээ эрсдэлтэй болон үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийх энэхүү шийдэмгий алхам нь Японы эдийн засагт шинэ үеийг авчирч байж болзошгүй юм. Зарим судлаачдын дээрх үйл ажиллагаа нь зах зээл дээрх хөрөнгийн үнийг хөөрөгдөн, хиймлээр өсгөж магадгүй гэсэн болгоомжлолд Японы сангийн сайд Х.Курода үнэт цаасны зах зээл дээр үнийн хөөрөгдөл ойрын хугацаанд гарахгүй, аливаа эрсдэлд маш соргог хандана гэсэн няцаалтыг өгсөн байна. 
Хятадын экспортын тоон мэдээллийн үнэн зөв байдал эргэлзээтэй.
Хятадын хөрөнгө оруулагч Номура, Голдман Сакс, ЖиПиМорган Чэйс болон бусад компаниуд Хятадын экспорт сүүлийн 3 сар хүлээгдэж байснаас илүү, дор хаяж 7.5 нэгж хувиар өссөн гэсэн албан ёсны мэдээлэл бодит байдалтай нийцэхгүй гэсэн эргэлзээтэй байна. Тэдний үзэж байгаагаар энэ нь гадаадын хөрөнгө оруулалтыг Хятадруу татах зорилготой үйлдэл юм. Хэрэв сүүлийн 8 жилийн хугацаанд анх удаа гарч буй ийм өсөлт зассан тоо гэдэг нь үнэн бол Хятадын эдийн засаг шинэ засгийн газрын бататгаад байгаа шиг сэргэж амжаагүй хэрэг болж таарна. Хятадын Хэрэглээний үнийн индекс 3 дугаар сард 2.1 хувиар өссөн нь хүлээгдэж байснаас бага, өнгөрсөн сарын 3.2 хувьтай харьцуулахад буурсан үзүүлэлт бөгөөд инфляциас болгоомжлон санхүүгийн системээс их хэмжээний мөнгө татан аваад байсан Төв банкинд бага зэрэг амсхийх боломжийг олгож байгаа юм. Хятадын шинэ засгийн газар эдийн засгийн өсөлтийг 8 хувьтай, инфляцийг 3 хувьтай барих зорилттой ажиллаж байгаа ажээ.
Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл