БХЯ МОНГОЛ УЛСАД ГЕНЕРАЛ ЦОЛ БИЙ БОЛСНЫ 70 ЖИЛИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Нэмэгдсэн: 2014-04-29 16:30:28

БХЯ МОНГОЛ УЛСАД ГЕНЕРАЛ ЦОЛ БИЙ БОЛСНЫ 70 ЖИЛИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Монгол Улсад генерал цол бий болсны түүхт 70 жилийн ойг Батлан хамгаалах яам амжилттай зохион байгуулж, тэмдэглэн өнгөрүүллээ. Өдгөө ажил үүргээ амжилттай гүйцэтгэж яваа залуу, дунд үеийн генералууд болон  эх орныхоо тусгаар тогтнолын төлөө 1939 оны Халхын гол, 1945 оны Чөлөөлөх дайны он жилүүд, энх цагийн бүтээн байгуулалтын үед гавьяа байгуулж, улс эх орондоо хүчээ өгсөн ахмад үеийн генералуудаа Батлан хамгаалах яам Чингис хааныхаа талбай дээр хүндэт харуулын хамт ёслол хүндэтгэлтэйгээр хүлээн авсаны дараа эрхэм “Алтан мөрдөстөн”-үүд жанжин Д.Сүхбаатарынхаа хөшөөнд цэцэг өргөж, эзэн Чингис хааныхаа хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж тэднийг хүлээн авч уулзаж, дурсгалын зураг татууллаа. Талбай дээр хуран чуулсан ард түмэн нарны туяанд алтран гялалзах тэдний мөрдсөөр нь, хийсэн бүтээсэн үйл хэргээрээ хэдий нь танил болсон нэр, зүсээр нь бахархан, басхүү боломж олдсон дээр нь түүхэнд үлдэх зургаа татуулаад амжих нь үнэхээр л арван арванд тохиох ховорхон боломж байлаа. 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр анхны 11 генерал цолтон төрж байсан цагаас өнөөг хүртэлх 70 жилийн хугацаанд 160 “алтан мөрдөстөн” төрсөн байдаг. Тэднээс өнөөдөр энх тунх ажиллаж, амьдарч буй 82 генерал болон тэдний гэр бүл, мөн “Дэлхийн генералууд энхийн төлөө” байгууллагын төлөөлөгч гадны зочид энэ өдөр хүрэлцэн ирсэн байлаа.

Батлан хамгаалах яам генералуудаа “Энхийн төлөө” цогцолбортоо хүлээн авч, хүндэт харуулын дайчдын жагсаал, үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн үзүүлэх тоглолттой, дуу хуур, бүжиг наадам цалгисан хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулж, мөн нэг бүтэн өдөр амрааж генералуудаа хамтдаа байх боломжийг бүрдүүлсэн юм. Хэдэн өдөр хаврын тэнгэр аашаа үзүүлж хуйсганасан ч энэ өдөр нар ээж, байгалийн үзэсгэлэн бүрдсэн “Энхийн төлөө” цогцолборт генералууд Батлан хамгаалахын сайдтайгаа, гэр бүлийнхэнтэйгээ, залуустайгаа нэг өдрийг залуу насаа дурсч, жагсаалын жавхаагаар хийморь нэмж өнгөрөөлөө.

Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ генералуудыгаа “улс орны тусгаар тогтнолын нэгэн баталгаа” хэмээсэн бөгөөд Монгол Улсын генерал гэсэн цэргийн дээд цолныхоо нэр хүндийг өргөж, ноён нуруутай, хүнлэг энэрэнгүй сэтгэлтэй, улс үндэснийхээ төлөө нэгэн биеэ зориулсан, залуу үеийн бахархан дуурайх үлгэр, эх оронч, үндэсний үзэл омогшлыг түгээн дэлгэрүүлэх гол цөм, хүмүүний сор болсон тэднээрээ үргэлж бахархаж явдгаа 70 жилийнх нь түүхт энэ ойн өдөр илэрхийлсэн юм. Тэрбээр мөн, энэхүү ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг болгосноор зарим генералд төрийн дээд одон медаль гардууллаа. Тухайлбал, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор хошууч генерал Г.Дугарсүрэн, Ч.Магсар, Д.Чимэд-Юндэн, П.Сүндэв, С.Баасанхүү, Н.Жалбажав нар энгэрээ мялаасан бол бригадын генерал А.Лхагвасүрэн “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдсан юм.

Мөн “Монгол генерал” төвийн тэргүүн хошууч генерал С.Баасанхүү энэ түүхт ойн босгон дээр МУ-ын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний командлагч зарлиг гаргаж, Засгийн газрын тогтоол гарч, бэлтгэл болон чөлөөнд байгаа генералуудад цолны цалинг олгохоор болсон тухай ахмадуудын чихэнд чимэгтэй, амьдралд тустай шийдвэр гарсныг дуулгалаа. Монгол улсын генерал цолтой цэргийн бэлтгэл албаны дээд офицерт цэргийн цолны цалинг зэрэглэлээс нь хамааран 36-40 хүртэлх хувь хэмжээгээр тооцож, сар бүр олгох энэхүү шийдвэр нь ахмад генералуудын хувьд үнэхээр нүдээ олсон нэг алхам болжээ. Мөн яамны зүгээс хамгийн өндөр буюу 96 настай хошууч генерал Түгжжавын Алтангэрэл гуайд, Батлан хамгаалах яамны харьяа байгууллагуудаас 70-аас дээш насны ахмад генералуудад онцгойлон хүндэтгэл үзүүлсэн юм.

Энэ үеэр мөн 22 орны 250 гаруй мянган хүнийг эгнээндээ нэгтгэсэн “Дэлхийн генералууд энхийн төлөө” нийгэмлэгээс БНМАУ, ЗСБНХУ-ын баатар, Монголын анхны сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа, хошууч генерал С.Гомбосүрэн, дэслэгч генерал Ш.Арвай нарын хүмүүсийг шагнасныг тус нийгэмлэгийн тэргүүн, хошууч генерал А.А.Скаргин гардууллаа.

“Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгоно” хэмээн журамласан генерал хэмээх эрхэм хүндтэй цэргийн дээд цолыг БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор анх Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн тэргүүтэй 11 хүнд олгосон байдаг. Тиймээс жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдрийг “Монголын генералуудын өдөр” хэмээн нэрийдэж, 2004 оноос генерал төрүүлсэнбайгууллагууд ээлж дараалан зохион байгуулж ирсэн уламжлалтай. 1944 оноос хойших энэ хугацаанд 160 алтан мөрдөстөн буюу генерал цолтон төрөн гарсан байна. Монгол Улсын цэргийн дээд цол нь хошууч генерал, дэслэгч генерал, хурандаа генерал, армийн генерал байсан бол 2006 онд “Цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хууль”-д өөрчлөлт орсоноор барууны өндөр хөгжилтэй орнууд, НАТО-гийн гишүүн орнуудын жишгээр бригадын генерал, хошууч генерал, дэслэгч генерал, генерал цолнууд хэрэглэхээр болсон юм.

Генерал цолтнууд өөрийн орондоо төдийгүй ОХУ, Украйн, Польш, Герман, АНУ-д цэргийн академи, дээд сургууль, дээд курс дүүргэсэн, боловсролын түвшин өндөр, ажлын дадлага туршлага, удирдах арга барил сайтай тэргүүний офицеруудын шилэгдмэлүүд байдаг нь монголын генералуудын намтар түүхээс бэлхнээ харагдаж байна.

Генерал хэмээх нэр хүндтэй цэргийн дээд цолыг анх Франц улсад XVI зуунд буюу Францын их хувьсгалын үеэр хэрэглэсэн гэдэг.Ерөнхий, гол чухал  гэсэн утга бүхий англи үгнээс гаралтай энэ цолыг цэргийн болон иргэний байгууллагын удирдлагад байдаг дээд тушаалын удирдах бүрэлдэхүүнд олгодог. Генерал цолыг анх Францад хэрэглэснээс хойш дэлхийн бусад орнуудад ч ашиглах болжээ. Тухайлбал, 1652 онд Орост I Петр хаан анх армидаа хэрэглэж,  Москвагийн сонгомол цэргийн тойргийн захирагч А.А.Щепелевт анхны генерал цолыг олгосон бол онцгой район дахь онцгой бүрэн эрхтэй орон нутгийн иргэний дээд албан тушаалтан Варшав, Киевийн цэргийн удирдлагуудад генерал губернатор цолыг олгож байсан байна. Өнөөдөр дэлхийн 200 гаруй улс орноос 185 нь арми, зэвсэгт хүчинтэй байдаг.Эдгээр улс орнуудын 170-аад нь дээд офицерынхоо цолонд таван хошууг билэгдэн хэрэглэдэг бөгөөд генерал хэмээх эрхэм цол бараг бүх улсын цэргийн цолонд хэрэглэгддэг ажээ.

Бид ойн баярын үеэр зарим генерал, зочидтой уулзаж сэтгэгдлийг нь сонссон юм.

Хошууч генерал З.Болдбаатар: Монгол Улсад генерал хэмээх цэргийн дээд цол бий болсоны ойг тэмдэглэх хүрээнд аймаг, орон нутгийн засаг захиргааныхан генералууддаа хүндэтгэл үзүүллээ, залуу хойч үеийнхэн генералуудынхаа ажил үйлс, амьдралын түүхэн замналаас суралцлаа, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчиллаа. Мөн Монгол Улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч маань онцгойлон анхаарч, тэтгэвэрт гарсан болон чөлөөнд байгаа ахмад генералуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд түлхүү анхаарч ажиллалаа. Батлан хамгаалах яам маань энэ түүхт ойг сайхан тэмдэглэж байнаа.

Хошууч генерал Б.Пүрэв: Миний хувьд 1990 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сайд нарын тогтоолоор генерал цол хүртсэн сүүлийн хүн. Өөрөөр хэлбэл, БНМАУ-ын түүхэнд хамгийн сүүлд генерал болсон хүн юм уу даа. Түүнээс хойш ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын генерал цол гэж олгох болсон. Би цагдаагийн байгууллагаас төрсөн генерал хүн. Нийслэлийн цагдаагийн газар, Улсын цагдан сэргийлэхийн ерөнхий газар, Цагдаагийн газрын удирдлага, Дотоодын цэргийн командлагчаар ажиллаж байлаа.

 “Дэлхийн генералууд энхийн төлөө” нийгэмлэгийн тэргүүн, хошууч генерал А.А.Скаргин:

Монгол цэргийн дээд цол бий болсоны ойн баярын мэндийг та бүхэндээ хүргэе. Ингэж өргөн тэмдэглэдэг, хүндэлдэг уламжлал Тусгаар улсын хамтын нийгэмлэгийн орнуудад ч, Орост ч, Киргизэд ч байхгүй. Бид та бүхнээс үлгэр жишээ авах болно. Хаа газар энх амгалангийн төлөө хамгийн их анхаардаг, сэтгэл зүрхээ зориулдаг хүмүүс бол мөрдөстөнгүүд байдаг. Манай байгууллага ч ийм зорилгын дор нэгдсэн билээ. Энэ дашрамд, эрхэм генералуудын найдвартай ар тал болсон гэргий нарт нь мөн баярын мэнд хүргэе. Манай нэг ийм үг байдаг. “Хэрэв эр нөхөр нь генерал болсон бол эхнэр нь маршал байх учиртай” гэж...

Хошууч генерал Ц.Содномдаржаа: Миний бие 1971 онд цолоо гардсан Монгол Улсын 40 дэх генерал төдийгүй ЗСБНХУ-д томилогдсон анхны цэргийн атташе хүн дээ. Цэргийн дипломатын алба бол маш чухал ажил. Ажлын шугамаар маш олон томоохон удирдагчидтай уулзаж байлаа. Бусад оронд цэргийн талаар улсаа төлөөлдөг учир маш их хариуцлага өндөртэй алба шүү дээ. ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар маршал Жуковтой л гэхэд би 11 удаа уулзаж байлаа. Дэлхийн хоёрдугаар дайн дуусахад оросын 10 фронт байсан. Фронт командлагч тэр арван маршалын тав нь буюу Жуков, Васильеский, Конев нарын маршалууд Монголтой салшгүй холбоотой байлаа. Энэ бол түүхэнд үлдэхүйц чухал үйл явдал шүү дээ. Одоо 95 настай өвгөн би Орост амьдардаг ч жил бүр ингээд ч болов генералуудтай уулзахсан гэж хүсч, зорьж ирдэг юм. 

Хошууч генерал Л.Баярбазар: Би Хил хамгаалах газраас төрсөн, 1982 оны генерал хүн. Байлдагчаас генерал хүртэл 22 жил ажилласан. Бидний үед генерал цол авлаа гээд одоогийнх шиг найр, цайллага хийх биш, цолоо авлаа маргааш нь хил рүүгээ гарч өгнө шүү дээ. Сайхан байсаан. Генерал цолтон олон байгууллагаас төрдөг болжээ. Уг нь бол генерал чинь цэргийн цол шүү дээ. Цолны үнэлэмж жаахан буураад байна уу даа гэж санаа зовж байдаг юм.

Генерал цолны эргэн тойронд…

Монголын нийт генералуудыг эгнээндээ нэгтгэсэн “Монгол генерал” төв 2001 онд байгуулагдсан төрийн бус байгууллага юм. Энэхүү төвийн тэргүүнээр хошууч генерал С.Баасанхүү, дэд тэргүүн буюу гүйцэтгэх захирлаар БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга З.Болдбаатар нар ажилладаг. Өдгөө энх тунх байгаа 82 генералыг эгнээндээ нэгтгэсэн энэхүү төв нь залууст цэрэг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, генерал цолтнууд төдийгүй цэргийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, ажил хэргийн холбоотой байгууллагууддаа мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг.

Монгол улсад генерал цолтон төрүүлсэн найман байгууллага байдаг нь Батлан хамгаалах яам, Зэвсэг хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар болно. Эдгээр байгууллага нь жил бүр “Монголын генералуудын өдөр”-ийг ээлжлэн зохион байгуулдаг уламжлалтай.

Монголын анхны генерал цолтнууд 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр цолоо гарджээ. Тэднээс Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч генерал, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарын есөн офицерт хошууч генерал цол олгожээ.

Монгол улсын генералуудаас Ю.Цэдэнбал, Б.Дорж, Ж.Лхагвасүрэн, Б.Цог, Ж.Гүррагчаа нарын таван Монгол улсын баатар, мөн Ю.Цэдэнбал, Ж.Жамьян, Б.Цэдэн-Иш нарын гурван Хөдөлмөрийн баатар, мөн гавьяат цолтон долоо, эрдэмтэн, доктор профессор34 төржээ.

Улсын маршал 3, армийн генерал 1, хурандаа генерал 8, дэслэгч генерал 18, хошууч генерал 105, бригадын генерал цолтон 13 байдаг.

Генералуудыг нутаг усаар нь ангилж үзвэл, Завханы 18, Архангай, Говь-Алтайн 16 генерал төрүүлсэн хамгийн ихэд тооцогдох бөгөөд бусад аймгууд 1-11 генералтай юм байна. Харин одоогоор Хэнтий, Дархан, Орхон, Говьсүмбэр аймгуудаас генерал цолтон төрөөгүй байна.

Генералын хүүхдүүдээс офицер олноор төрсөн ч генералын хүү генерал болсон сонихон тавилан нь хурандаа генерал Б.Цогийн хүү хошууч генерал, техникийн шинжлэх ухааны доктор Ц.Геннадий билээ.

Хамгийн отгон генерал нь ХХЕГ-ын дарга бөгөөд Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Ш.Лхачинжав, ТЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгтнар юм.

Хамгийн залуу генерал нь 38 настай, Мотобуудлагын тусгай бригадын захирагч, бригадын генерал Л.Онцгойбаяр ажээ. Дашрамд дурдахад,маршал Ю.Цэдэнбал 1944 онд 28 настайдаа генерал болж байв.

Хамгийн өндөр настай генерал нь 96 настай хошууч генерал Т.Алтангэрэл гуай ажээ. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат Түгжавын Алтангэрэл  1981 оны 3 дугаар сарын 11-нд хошууч генерал цол хүртэж байжээ.

Хурандаа генерал  Б.Цог хөдөлмөрийн бүтээл, гавьяа зүтгэлээ үнэлүүлж, БНМАУ-ын төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор 5 удаа, Алтангадас одонгоор 4 удаа, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор 2 удаа шагнуулж, АИХ-ын депутатаар 5 удаа сонгогдсон цэргийн иргэний байгуулпагын гарамгай зүтгэлтэн бөгөөд ийм олон удаа шагнуулсан хүн түүнээс өөр байхгүй.  

  Анхдагчууд…Армийн генерал цолыг 1971 онд Б. Доржид, хурандаа генерал цолыг 1961 онд Ж. Лхагвасүрэнд, дэслэгч генерал цолыг 1944 онд Ж.Лхагвасүрэн, Ю.Цэдэнбал нарт, хошууч генерал цолыг 1944 онд Д.Дамдинхүү нарын есөн хүнд, бригадын генерал цолыг 2006 онд Н.Энхбаялагт тус тус олгож, тэд цол бүрийнхээ анхдагчид болж байжээ. 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл