БХ-ЫН ДЭД САЙД ВЬЕТНАМД СУРАЛЦАЖ БУЙ СОНСОГЧИДТОЙГОО УУЛЗЛАА

Нэмэгдсэн: 2013-11-25 14:14:58

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, дагалдах хүмүүсийнхээ хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ханой хот дахь Вьетнамын Гадаад хэргийн яамны дэргэдэх Дипломатын академид зочилж, лекц уншлаа.

Дипломатын академийн ерөнхийлөгч Данг Дин Кюү, ерөнхийлөгч болон албаны төлөөлөгчдийг сургууль дээр нь айлчлан ирсэнд талархлаа илэрхийлээд, анх Гадаад харилцааны их сургууль нэртэй 1956 онд байгуулагдсан тус сургууль нь өнөөдөр 350 гаруй доктор, профессор ажилладаг, 2500 гаруй оюутан суралцдаг томоохон их сургууль болж өргөжсөн талаар дурдав.

Дипломатын академи нь жил бүр магистр, докторын сургалтад 60 оюутан, бакалаврын сургалтад 450 оюутан сургахаар элсэлт авдаг бөгөөд олон улсын харилцаа, олон улсын хууль, эдийн засаг, англи, франц хэл зэрэг мэргэжлээр сургадаг ажээ. Энд сурдаг монгол оюутнууд ч цөөнгүй юм байна.

Монгол улсын ерөнхийлөгчийн уншсан лекцийн дараа оюутнууд сонирхсон асуултууддаа хариулт авлаа. Тэд Монгол Улс  энхийг сахиулах ажиллагаанд хэрхэн оролцдог талаар ихээхэн сонирхож байлаа. Дипломатын академийн нэгэн оюутны “Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Энэ талаархи туршлагаасаа ярихгүй юу?” гэхэд, ерөнхийлөгч Ц. Элбэгдорж “Монгол Улс нь энхийг дэмжих ажиллагаанд цэрэг илгээгч топ 20 орны нэг. Хэдийгээр Монголын хүн ам цөөхөн ч энхийг сахиулагчдын тоо их. Энэ айлчлалын дараа би Өмнөд Суданд алба хашаад ирсэн цэргүүдтэй уулзана” гэж сэтгэл хангалуун өгүүллээ. 

Мөн өдөр ерөнхийлөгч болон бусад албаныхан Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суралцаж буй монгол оюутнуудтай уулзлаа.  Батлан хамгаалах яамнаас анх удаа Вьетнам Улсад суралцаж буй дэд ахлагч Б.Батцэнгэл, М.Эрдэнэхуяг нар Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөртэй уулзаж, суралцаж буй сургууль, судалж буй хичээлийнхээ талаар мэдээлэл өглөө.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл