ЦЭРГҮҮД ЦАС ЦЭВЭРЛЭХ АЯНД

Нэмэгдсэн: 2016-11-23 13:44:31

ЦЭРГҮҮД ЦАС ЦЭВЭРЛЭХ АЯНД

 

Энэ сарын 17-18-нд шилжих шөнө нийслэлд зарим газраар 23 см хүртэл цас орсон. Засаг даргын уриалгын дагуу нийслэлийн болон харьяа байгууллагуудын бүх албан хаагчид ажиллаж хуваарьт газруудаа сайн цэвэрлэсэн бөгөөд өнгөрөгч бямба гаригийн шөнө нийслэлийн төвийн 6 дүүргийн ТҮК-ийн 97 машин, 300 хүн гол замуудаа цэвэрлэсэн байна. Хэдий ийнхүү цэвэрлээд байгаа ч шөнө нь цас хялмаалаад хальтиргаа гулгаа нэмэгдэж байна.

Үүнтэй холбоотой Нийслэлийн цас цэвэрлэгээнд ахлах ангийн сурагчид, оюутан болон цэргийнхнийг оролцуулах уриалгыг хотын дарга С.Батболд гаргасан. Мөн цас цэвэрлэх уриалгад цэргийн анги байгууллагууд нэгдэж тодорхой хэсэгт алба хаагчид хуваагдан ажиллахаар болсон. Тухайлбал Баянзүрх дүүргийн Арслантай хөшөөнөөс "Нарантуул захын уулзвар" хүртэл 014, 015, 032 дугаар цэргийн ангийнхан, Хан-Уул дүүргийн Яармагийн гүүрнээс Нисэхийн уулзвар хүртэл 013, 017,089,120 дугаар цэргийн ангийнхан, Чингэлтэй дүүргийн Дөлгөөн нуур уулзвараас Гэсэр сум хүртэлх замын цасыг цэргийн дүйцүүлэх албаныхан цэвэрлэхээр болжээ. Цэс цэвэрлэгээнд нийт 500 гаруй хүн оролцож, цэргийн ангийнхаа 33 техник автомашиныг ашиглаж байна.

Иргэд ч энэхүү үйл ажиллагаанд таатай хандаж цахим ертөнцөөр цэргийн алба хаагчиддаа баярлаж байгаагаа илэрхийлсээр байна.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл