Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

OНЫ ТЭРГҮҮНИЙ БАГШ, ШИЛДЭГ ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙГ ШАЛГАРУУЛЛАА

Нэмэгдсэн: 2014-10-07 15:46:55

OНЫ ТЭРГҮҮНИЙ БАГШ, ШИЛДЭГ ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙГ ШАЛГАРУУЛЛАА

Дэлхийн болон монголын багш нарын баярын өдрийг угтаж БШУ-ны сайд Л.Гантөмөр  оны тэргүүний  багш, шилдэг цэцэрлэг, сургуулийн хамт олныг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.  Энэ жил тэргүүний  багш 3, шилдэг цэцэрлэг 5, шилдэг сургууль 4-ийг тодруулжээ. 


2013-2014 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН "ТЭРГҮҮНИЙ БАГШ" 

Өмнөговь аймгийн Даланзалгад 1-р сургуулийн бага ангийн багш Д.Амаржаргал   
Д.Амаржаргал багшийн ангийн хүүхдүүд 2013-2014 оны хичээлийн жилд  математик 92,0%, монгол хэл  96,2%, хүн орчин 100%, зураг урлал  91,7% хөтөлбөрийн хэрэгжилттэй шалгагдсан байна. Тэрбээр хүүхэд  нэг бүрийг ярьж сургахад анхааран ажилладаг. Асуултад бодоод шууд хариулдаг хүүхэд байхад бусдын яриаг сонсоод тэднийг дуурайн ярих, өөрчлөн ярих чадвартай хүүхэд ч байдаг. Тэдгээр хүүхдэдээ сонсох, бодох хугацаа өгсний дараа дахин яриулдаг. Хүүхэд бүрээс ямар нэгэн байдлаар хариултыг заавал авдаг. Хүүхдийг хүүхэдтэй нь ажиллуулдаг. Бусдад зааж байгаа хүн илүү их чадвар суудаг. Бага ангийн сурагчид "Багш" болох дуртай байдаг. Сурагчдыг бие даалган ажиллуулах, алдааг нь өөрөөр нь олуулж засуулах зарчмыг баримтладаг. Хүүхэд бүрээр хичээл бүрд ямар нэгэн бүтээлийг хийлгэдэг. Бусдад тайлбарлуулдаг. Хүүхэд өөрийнхөө хийсэн зүйлд сэтгэл хангалуун байж өөрөөрөө бахархдаг.Эцэг эхтэйгээ хамтран хүүхдийнхээ сонирхдог, хийх дуртай зүйлд нь тулгуурлан төрөл бүрийн хөгжүүлэх сургалт, дугуйланд хамруулан сургаж чадваржуулах ажлыг хийдэг. Эцэг эхийг анги хамт олны дунд зохиогдож буй ажилд татан оролцуулснаар сургууль, багш, эцэг эхийн гурвалсан холбоог бэхжүүлдэг  болохыг өөрийн  туршлагаар олж  нэвтрүүлжээ. Мөн багштай хамтран хүүхдэдээ тавих анхаарлаа нэмэгдүүлэх, хүүхдийнхээ мэдэхгүй, чадахгүй байгаа зүйлд хэрхэн туслах талаар багшаас зөвлөгөө тусламж авах, багшид туслах зэргээр тогтмол хамтран ажилладаг. "Ном" хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хийгдэж байгаа "Том ном", "Номын богц", "Ангийн номын сан"-г хамтран шинэчлэх, баяжуулах, түгээх зэрэг ажлуудыг хийж хэвшжээ. 

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл ЕБС-ийн биологийн багш С.Ундрахгэрэл:      
С.Ундрахгэрэл багш нь биологийн хичээлийн хөтөлбөрүүдийг үлгэр жишээ боловсруулан хичээлд тогтмол үр дүнтэй ашиглан сайжруулж, сургалтын хэрэглэгдэхүүнийг стандартын дагуу боловсруулан ажиллажээ. Энэ нь сурлагын амжилт чанар тогтмолжин, заах арга, ур чадварааараа сургууль, аймагтаа багш нараа манлайлан туршлагаа түгээн дэлгэрүүлэн ажиллаж байгаа тэргүүний багш юм. Тэрбээр "Хөдөлмөрлөж чадвал заавал амжилтанд хүрдэг" гэдгийг хүүхдүүддээ ойлгуулж,  биологийн хичээлээр хоцрогдож байгаа хүүхдийг сонгож, давтлага өгч заавал амжилтанд хүргэдэг. Амжилттай байгаа найзыгаа хараад өөртөө итгэлгүй байсан нэг нь өөртөө итгэж, илүү чармайж хичээдэг сурах арга барилыг  төлөвшүүлэхэд нь сурагчдадаа  тусалдаг байна.   Хичээлийг төлөвлөхдөө сурагчид биетээр хүрч үзэх, ажиглах, турших, таамаглал дэвшүүлэх, таамаглалаа загвар схемээр тайлбарлах, хүснэгтэн мэдээлэл зураг график диаграммаас дүгнэлт хийх зэрэг бүтээлч үйл ажиллагааг байнга төлөвлөж хүүхдийн хөгжлийг дэмждэг. Даасан анги хамт олныг зөв төлөвшүүлж хүүхэд бүрийн авьяасыг нээж хөгжүүлэх талаар туршлагатай багш төдийгүй хичээл заадаг мэргэжлийн багш нартай холбоотой ажиллаж, тодорхой үр дүнтэй бүтээлч ажлуудыг зохиохдоо эцэг эхчүүдийг оролцуулж ажилладаг байна.  

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ЕБС-ийн газарзүйн багш Ц.Мөнхбадар
         
Ц.Мөнхбадар багш нь сургалтын арга технологийг сайн эзэмшсэн, хичээлийн хөтөлбөрт судалгаа хийж туршин сайжруулж,  түгээн дэлгэрүүлэхэд санаачлагатай ажилладаг сургалтын цахим хэрэглэгдэхүүний баялаг сантай, мэдээллийн  технологийг ашиглан сурагчдад шинжлэх ухааны эмх цэгц, системтэй мэдлэг, чадвар, хандлагыг төлөвшүүлдэг. Тэрбээр "Хүүхэд нэг бүр"-ийн хөгжлийг хангах зорилгоор танхимын болон танхимын бус сургалтыг хослуулан ашиглаж хичээл сургалтаа амжилттай удирдан зохион байгуулдаг. Заах арга ур чадвар сайтай хичээл бүрийг сонирхолтой үр өгөөжтэй явуулдаг. Хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй, суралцагчдаа ойлгож дэмжлэг үзүүлдэг, харилцааны болон багшлахуйн арга барил сайтай сургууль, сум аймагтаа хүндлэгдсэн багш юм. 


*****  
· Дорнод аймгийн Хэрлэн сумын Улсын тэргүүний YI цэцэрлэг Хүүхэд бүрийг хөгжүүлэх ажлыг шинэлэг арга зүйгээр зохион байгуулж, Япон, Солонгосын Сайн дурын мэргэжилтэн багш нарыг цэцэрлэгтээ сүүлийн 5 жил тасралтгүй урьж ажиллуулан, багш нарын мэргэжлийг ажлын байранд нь дээшлүүлэхэд онцгой анхаарч ажилласан байна. Цэцэрлэгийн анги бүлгийн болон гадаад орчныг хүүхэд бүрийн эрүүл аюулгүй орчинд хөгжих эрхийг хангахад чиглүүлэн тохижуулж, хүүхэд бүр нь цэцэрлэгтээ яаран ирдэг, эцэг эх бүрийгхүүхдийн хөгжил, цэцэрлэгийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байлгахад анхаарч ажилладаг бүтээлч ажлаараа Улсын тэргүүний цэцэрлэг болж байна.  
· Нийслэлийн Баянзүрх дүүргийн 61 дүгээр цэцэрлэг "Бид чадна" уриатай байнга шинийг эрэлхийлж ажилладаг бүтээлч энэ хамт олон сургалтын таатай, ээлтэй орчин бүрдүүлэн, цаасан урлал, шатар, хөгжим, бүжиг, уран хөдөлгөөнт гимнастикийн зэрэг хүүхдийн авьяасыг хөгжүүлэх сургалтуудыг тогтмол явуулж, Хүүхэд бүрийг хөгжүүлж байгаагийн зэрэгцээ эцэг эхийг мэдээллээр хангах, цэцэрлэгийн үйл ажиллагаанд оролцуулах зорилгоор цэцэрлэгийн вебсайтыг тогтмол үр бүтээлтэй ажиллуулж байгаа, багшийн хөгжлийг дэмжих ажлыг системтэй зохион байгуулж, хөгжүүлэх сургалтын төлөвлөлт, сургалтын хэрэглэгдэхүүнийг бүтээлчээр хийж бусад цэцэрлэгүүдэд туршлагаа түгээн дэлгэрүүлдэг ажлын амжилтаараа улсын тэргүүний цэцэрлэг болж байна. 
·  Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын цэцэрлэг Сургуулийн өмнөх насны хүүхдэд ардын зан үйлийг таниулах иж бүрэн орчныг бүрдүүлж, хөгжүүлэх ажлыг зохион байгуулсан, Ногоон байгууламж бүхий Эко цэцэрлэг болж, 1000 цэцэгтэй болсны зэрэгцээ "Эрүүл хүүхэд-Бидний аз жаргал" аян зохион байгуулжцэцэрлэгийн бүх хүүхэд Эрүүл шүдтэй болсон, цэцэрлэгийн гадаад дотоод орчныг хүүхдийн хөгжлийн хангах бүх боломжоор хангаж тохижуулж, эрүүл экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хүүхдийн хоол хүнсийг бэлтгэх ажлыг зохион байгуулдаг, бага насны хүүхдийн сургуулийн өмнөх боловсрол эзэмших үйлчилгээний ээлтэй, таатай орчин бүрдүүлсэн амжилтаараа Улсын тэргүүний цэцэрлэг болж байна.  
· Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 24 дүгээр цэцэрлэг "Итгэл нэг, сэтгэл нэг, зүтгэл нэг" уриатай энэ хамт олон Хүүхэд хөгжүүлэх ажлыг тусгай төлөвлөгөөний дагуу бага насны хүүхдийн сонирхол хэрэгцээнд тулгуурлан зохион байгуулдаг, сургалтын орчныг хүүхдийн эрүүл аюулгүй байдлыг хангахад чиглүүлэн бүрдүүлсэн, хамран сургах тойргийн сургуулийн өмнөх насны хүүхдийг 100 хувь хамруулсан, цэцэрлэгийн үйл ажиллагаанд эцэг эхийн идэвхтэй оролцоог хангадаг, Авьяас, Багш, Ном хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа амжилтаараа Улсын тэргүүний цэцэрлэг болж байна.  
· Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3 дугаар цэцэрлэг: Хүүхэд бүрийн авьяасыг нээн хөгжүүлдэг, сургалтын хэрэглэгдэхүүнийг хүүхдийн хэрэгцээ сонирхолд нийцүүлэн, олон хувилбараар бэлтгэн хөгжүүлэх үйл ажиллагаагаа зохион байгуулдаг, сургалтын орчныг бүрдүүлэхэд эцэг эхийн оролцоо хамтын ажиллагаанд тулгуурладаг, Хүүхэд бүрийг хөгжүүлэгч бүтээлч ажлаараа улсын тэргүүний цэцэрлэг болж байна. 
**** 


Дархан уул аймгийн Дархан сумын "Од" цогцолбор сургууль  
-Мэдээлийн технологийг сургалтад ашиглаж Цахим сургууль болсон 

-Онлайн сургалтын системийг бүрдүүлж 800 орчим хичээлийг байршуулсан, 
-Багш сурагч эцэг эх хамтран ажиллах цахим удирдлага мэдээллийн системтэй 
-Хүүхэд хөгжлийн ажлыг амжилттай хэрэгжүүлж, клуб, дугуйлан секцийг үр дүнтэй зохион байгуулж Монгол улсад төдийгүй олон улсын чанартай уралдаан тэмцээнүүдэд олон амжилтуудыг гаргасан 
-Сургуулийн гадаад дотоод хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлж төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, материаллаг баазыг бэхжүүлж, сургалтын орчныг сайжруулах талаар амжилттай ажилласан байна.    

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 18-р сургууль  
-Гадаад хэлний өндөр мэдлэг, бодитой бүтээлч чадварыг төлөвшүүлдэг 

-Багш нарын 50 хувь нь магистр, докторын зэрэгтэй, судалгаанд суурилсан сургалтын үйл ажиллагааг зохион байгуулдаг 
-Багш суралцагсад өөрийгөө үнэлэх, хянах, төлөвлөх, зохион байгуулах  үйл ажиллагааг  тогтмол хэрэгжүүлж хэвшсэн 
-Сургуулийн гадаад дотоод хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх багш сурагчидаа солилцооны хөтөлбөрт хамруулдаг гэх мэт олон амжилт бүтээлээр улсын тэргүүний сургууль болсон.    

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Ерөнхий боловсролын сургууль
-Сургалтын хөтөлбөрийн агуулгад орон нутгийн онцлогийг тусган хэрэгжүүлдэг, байгалын ухааны хичээлийг туршилтын талбай, хүлэмжинд явуулж хүүхдүүдэд бодит чадвар олгоход анхаардаг, цагаан идээ боловсруулах, айраг бүлэх, сур илдэх зэрэг монгол ахуй амьдралд нь тулгуурлан амьдрах ухааны мэдлэг чадварыг төлөвшүүлдэг байна 

-Удирдлага, багш, эцэг эхчүүд, хүүхдүүдийн саналд үндэслэн эрх зүйн орчин сайн бүрдүүлсэн 
-Эко сургууль болох зорилт тавин ажиллаж  хичээллэх гадна талбай, усан оргилуур, туршилтын талбай, хүлэмж зэргийг  багш сурагчид хамтран бүтээсэн бүтээлч хамт олон юм.  

Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын 4- р сургууль   
-Багш, сурагч, эцэг эхийн хамтын үйл ажиллагаа сайн хөгжсөн, багаар хамтран ажиллах эвсэг хамт олныг бүрдүүлсэн 

-Авьяас хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх олон төрлийн урлаг спортын клуб, дугуйлан, секцийг хичээллүүлэн суралцагсад нь улсын болон олон улсын чанартай уралдаан тэмцээнд амжилт гаргасан  байна 
-Бүжгийн "Хараацай" чуулгын 7 дахь үеийг хичээллүүлж байна. 
-Байгууллагын менежментийг оновчтой зохион байгуулснаар  сургалтын орчныг амжилттай бэхжүүлж, багш ажилтнуудын онцлог чадвар, авьяасыг түшиглэн хүүхэд хөгжлийн ажлаа зохион байгуулдаг туршлагатай хамт олон байна. 
Төрийн байгууллагуудын мэдээлэл