Т.Ган-Од: Сургуулийн хүүхдүүд маань аюулгүй орчинд амарч, тоглох боломжтой боллоо

Нэмэгдсэн: 2016-09-26 12:57:50

Т.Ган-Од: Сургуулийн хүүхдүүд маань аюулгүй орчинд амарч, тоглох боломжтой боллоо

Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны Засаг дарга Т.Ган-Одтой хийсэн ярилцлагаа хүргэж байна.

Хан-Уул дүүргийн Яармагийн таван хорооны нэг болох дөрөвдүгээр хороо. Тус хороонд өнөөдрийн байдлаар хэд хэдэн шинэ барилга, байгууламжууд баригдаж ашиглалтад орсноор  хүн амын суурьшил нэмэгдэх  хандлагатай байна.

Танай хорооны хувьд  гэр, байшин  хороолол хосолсон  хамгийн их хүн ам төвлөрсөн хороо гэдгээрээ онцлогтой. Сүүлийн үед шилжилт хөдөлгөөн хэр их хийгдэж байна вэ?

Манай дөрөвдүгээр хорооны хувьд  9913 хүн амтай. 3075-н өрхтэй. Саяхан шинээр “Залуус хороолол” ашиглалтад орж манай хороо 380 өрхөөр бүл нэмж байна. Тэгэхээр манай дөрөвдүгээр хороо ойрын хугацаанд 12000-13000 хүн амтай болно гэсэн үг. Манай хороо бусад яармагийн хороодыг бодвол их онцлогтой. Газар нутгийн хувьд их өргөн нутгийг хамардаг. Үүнээс гадна манай хороо байшин, гэр хороолол хосолсон бүтэцтэй. Viva city, Хүннү Молл, Шинэ өргөө Хан богд хороолол ашиглалтад орсноор манай хороо даруй 2000-3000 өрхөөр нэмэгдсэн байгаа.

Өнгөрсөн онд манай хороо Нийслэлийн шилдэг 20 хорооны нэгээр шалгарч батламжаа авсан. Мөн энэ онд шилдэг хороо болохын тулд олон зорилт тавиад амжилттай сайн ажиллаж байна.

Саяхан танай хороонд хүүхдийн чийрэгжүүлэлтийн талбай ашиглалтад орсон. Олон хүүхдүүд амарч, тоглох боломжтой болсон нь харагдаж байна.

Энэ жил хийсэн хамгийн том ажил бол яах аргагүй 34-р сургуулийн гадна талбайг чийрэгжүүлэлтийн талбайтай болгосон ажил.  Өмнө нь манай сургуулийн  талбай орчны шаардлага хангахгүй, хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрүүлэхэд хүндрэлтэй байсныг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж,  хүүхдийн чийрэгжүүлэлтийн талбайг байгууллаа. Ингэснээр хүүхдүүд маань аюулгүй орчинд амарч, тоглох боломж нь бүрдэж байгаа юм.  Мөн сургуулийн гадна талын хашааг манай хорооны “Эвсэл” иргэдийн бүлэг маань маш сайхан хийж бидэнд хүлээлгэн өгсөн.

Ер нь бид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх үүднээс нилээдгүй ажлыг хийж гүйцэтгэлээ. Орох айл үүднээсээ гэдэг дээ. Тиймээс бид эхний ээлжинд үүдний хэсэгтээ ногоон байгууламжийг байгуулах, мод тарих ажлыг тодорхой хэмжээнд хийсэн. Мөн дөрөвдүгээр хорооны байрнаас автобусны буудал хүртэлх явган замыг цементэлж, иргэдэд зорчих таатай орчинг бүрдүүллээ.

Хог бол захын хорооллуудын тулгамдсан асуудлын нэг. Эсрэгээрээ танай хороонд хог багатай юм. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэв.

Бид хороогоо эко хороо болохын тулд хогийг сар болгон 2-оос доошгүй удаа ачиж, тээвэрлэх ажлыг тогтмол хийж байна. Энэ ажлын үр дүнд нийтийн эзэмшлийн зам талбайн хог хаягдал багасч, “Хоггүй хороо” болгож чадлаа.

Мөн хог ихээр хуримтлагддаг гуу, жалгыг камержуулах ажлыг хийсэн. Ингэж камер тавьснаараа иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжтой болж, гэмт хэрэг гарах явдал эрс багассан.

Дээрээс нь гэрэлтүүлгийн ажил хийгдсэн. Одоо бол иргэд маань орой үдшийн цагаар явахдаа  айх аюулгүй болсон.

Үүнээс гадна бид хороондоо нээлттэй засаглалыг бий болгох үүднээс 250 айлд шуудангийн хайрцгийг шинээр хийж хүлээлгэн өглөө. Энэ нь иргэдээс өндөр үнэлгээ авсан ажлын нэг болсон.

Улсын хэмжээнд гэр хорооллын бүсэд тулгардаг нэг асуудал бол үерийн аманд газар эзэмших гэрчилгээгүйгээр ирж буух үзэгдэл их байдаг. Танай хороо энэ асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?

 Манай хорооны 14б, 9б гудамжны айлууд үерийн аман дээр байрласан 90 орчим өрх бий Эдгээр айлуудыг нүүн шилжүүлэх, сануулга өгөх ажлуудыг шат дараатай хуулийн дагуу хийж гүйцэтгэдэг. Мөн 18-р гудамж буюу дархан цаазтай бүсэд 300 орчим айл амьдардаг. Тэдгээр айлын 116 айлд газар ашиглах эрхийг нь  Б.О.Я-тай хамтраад газар ашиглах гэрчилгээг нь гаргуулсан байгаа. Одоо үлдсэн 60 гаруй айлуудын газар ашиглах эрхийн гэрчилгээг хөөцөлдөх, 14б, 9б гээд үерийн аман дээр байршсан айлуудад газар эзэмших зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлүүлэх тал дээр анхаарч  холбогдох газруудтай  хамтран ажиллаж байна.

Хороод дэргэдээ “Иргэдийн бүлэг”-ийг байгуулаад багагүй хугацааг өнгөрүүллээ. Танай хороон дээр өнөөдрийн байдлаар хэдэн иргэдийн бүлэг үйл ажиллагаагаа явуулж байна вэ? Эдгээр бүлгүүдээр хийгдсэн ажлуудаасаа.

Өмнө нь хороод маань ямар ч хамаагүй хүмүүсээр ажлаа гүйцэтгүүлдэг байсан. Тэр нь дараа нь буух эзэн, буцах хаяггүй орхигддог талтай. Харин иргэдийн бүлгийг байгуулж ажилласнаар энэ байдал бүрэн арилсан. Манайд өнөөдрийн байдлаар 4-5 иргэдийн бүлэг идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж байна. Хороондоо амьдардаг  ажил, хөдөлмөр эрхэлдэггүй байсан иргэд нийлээд бүлэг болоод ажил хөдөлмөр хийхдээ их өөриймсөг ханддаг. Дараа тэд хийсэн ажлынхаа арчлалт хамгаалалтыг хийгээд явдаг болохоор бидэнд бас их амар байдаг. Цаашид манай хороо гүйцэтгэлийн ажлыг аль болох иргэдийн бүлгүүдээрээ хийлгэхийг зорьж байна. Цаашид бид иргэд болон төр, захиргааны байгууллагын гүүр нь байж, сайн ажиллана.

Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл