А.Мөнх-Амгалан: Есөн сард Хан-Уул дүүргийн долдугаар хорооны бүх өрх интернетэд холбогдоно

Нэмэгдсэн: 2016-09-26 12:55:45

А.Мөнх-Амгалан: Есөн сард Хан-Уул дүүргийн долдугаар хорооны бүх өрх интернетэд холбогдоно

 Нийслэлийн шилдэг хороогоор хоёр удаа тодорч байсан Хан-Уул дүүргийн долдугаар хороо. Долдугаар хороо энэ жилийн хувьд wifi төхөөрөмжийг суулгаж, гудамжаа бүрэн камержуулсан байна. Иргэддээ чиглэсэн олон ажлыг санаачлан хэрэгжүүлэгч долдугаар хорооны Засаг дарга  А.Мөнх-Амгалантай ярилцсанаа хүргэж байна.

Танай дүүргийн хувьд иргэддээ чиглэсэн үйл ажиллагааг олноор зохион байгуулдаг нь ажиглагддаг. Иргэдтэйгээ ойр байхын давуу тал.

Бид иргэдтэйгээ цаг ямагт ойр ажиллахыг зорьдог. Иймээс нээлттэй хаалганы өдөрлөгийг шинэ, хуучин эцэс дээр тогтмол зохион байгуулдаг. Энэ үеэр иргэддээ бүх төрлийн төрийн үйлчилгээг нэг дор нь үзүүлж, тэднээс мэдээлэл сонсдог. Манай долдугаар хороолол гэр хороолол. Тэгэхдээ гэр хороолол гээд бид сошил орчноос тасардаггүй. Сая хороонд wifi төхөөрөмж тавьсан. Энэ төхөөрөмжөө илүү өргөн цар хүрээнд цацахын тулд 2-3 төхөөрөмжийг нэмж тавих ажлыг эхлүүлээд байна. Ингэснээр манай хорооны нийт 1469 өрх, 4691 иргэд маань бүгдээрээ интернетэд холбогдоно гэсэн үг юм. Одоо энэ боломжоо ашиглаад сошил сургалт, мэдээ, мэдээллийг иргэдэд түгээж, тэдний санал бодлыг сонсоход түлхүү анхаарч ажиллана.

WIFI төхөөрөмж тавих бол их том ажил. Төсөв их ч шаардагдана. Энэ асуудлыг  хэрхэн шийдсэн бэ?

Энэ ажлын төсвийг манай Иргэдийн хурлын дарга Э.Түвшин шийдвэрлүүлж өгсөн.

Мөн бид ИНХ-ын төлөөлөгч нартай хамтраад иргэдэд мессежээр мэдээлэл хүргэх программыг суулгах тоног төхөөрөмжийг авлаа. Хорооны иргэд маань хороон дээрээс ирж мэдээлэл авах боломжгүй байлаа ч гэсэн бид мэдээллийг мессежээр түгээдэг болсон. Манай хорооны хувьд иргэдтэйгээ илүү ойр байх гарцыг хэрэгжүүлсээр л байна. Миний ажигласнаар манай хороонд давуу тал их байдаг. Жишээ нь Иргэд, Иргэдийн бүлэг, Хороо, ИНХ-ын дарга нар маань хамтарч олон үйл ажиллагааг зохион байгуулдаг.   ИНХ-аас шийвдвэрлэж өгсөн дээрх ажлуудын хувьд зүгээр л wifi тавих, мессеж хүргэх төсөв мөнгийг шийдсэн мэт боловч цаанаа иргэдэд чиглэсэн маш том ажил болсон гэж миний хувьд харж байгаа. Энэ дашрамд ИНХ-ын дарга Э.Түвшинд баярлаж байгаагаа илэрхийлье.

Хороодод иргэдийн бүлэг ажиллаад багагүй хугацаа өнгөрлөө. Танай хороонд өнөөдрийн байдлаар нийт хэдэн иргэдийн бүлэг ажиллаж байна вэ?

Манай хороонд үйл ажиллагаа нь жигдэрсэн есөн иргэдийн бүлэг ажиллаж байна. Мөн 27 гудамжны ахлагч ажиллаж байгаа гэхээр нийт 36 бүлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Иргэдийн бүлгүүдээрээ энэ онд Нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр нийт 12 гудамж тэгшилгээний ажлыг хийлгэсэн. Одоо иргэдийн бүлгүүд хорооныхоо нийт 630 хашааг будах ажлыг эхлүүлээд явж байна. Энэ ажлын санхүүжилтыг манай өрхүүд өөрсдөө гаргаж байгаа. Бид заавал нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар бүх зүйлээ шийднэ гэж суулгүй  өөрсдөө санал санаачлага гаргаж  ажиллаж байна. Бид энэ онд хорооныхоо иргэдээс санал авахад камержуулах ажлыг эхлүүлээч гэсэн санал хамгийн их байсан. Орон нутгийн хөгжлийн сангаас камертай болох ажлыг дэмжсэн учраас энэ ондоо тус ажлыг эхлүүлэх зорилт тавин ажиллаж байна. Дээрх ажлыг иргэдийн бүлгээрээ хийлгэнэ.

Хорооны хамгийн шударга шүүгч нар нь иргэд байдаг шүү дээ. Танай хороонд иргэдийн тавьсан дүн.

Тийм ээ хорооны хамгийн шударга шүүгч нар бол яах аргагүй иргэд байдаг. Иргэд маань бидэнд сайн дүн тавьсан гэж би хувьдаа боддог. Тэд бидэнтэй цаг ямагт холбогдож, бидний ажил үйлст байнга л тусалж байдаг.

Одоогийн байдлаар манайд гэр бүлийн хүчирхийлэл бүртгэгдсэнгүй. Хүүхдийн дуудлагын 108 утас руу хүүхдийн хүчирхийллийн дуудлага бүртгэгдсэнгүй. 1111-т гомдол санал ирсэнгүй. Энэ нь бидний хийж байгаа ажлууд иргэдийн маань сэтгэлд нийцэж , эрүүл аюулгүй орчинд сэтгэл хангалуун амьдарч байгаагийн илэрхийлэл, гудамжны ахлагч, мөн иргэдийн маань бидэнд өгсөн үнэлгээ гэж үзэж байна.

Хороогоо иргэд нь ингэж дүгнэдэг юм байна. Тэгвэл засаг, төр танай хороог хэрхэн дүгнэж байна вэ?

Бид ажил үйлсээрээ нийслэл дүүрэгтээ  олон жил тэргүүлсэн. Энэ түүчээг мөн үргэлжлүүлээд явж байна. Өмнөх онуудад нийслэлийн 152 хороодоос шилдгээр шалгарч 1, 2-р байрыг эзэлж байлаа. Энэ жилийн хувьд ч гэсэн шалгуур үзүүлэлтүүдээрээ нэлээд дээгүүр явж байгаа. Мөн Ерөнхийлөгчийн тамгын газраас зохион байгуулагдсан иргэдийн оролцоог дэмжих зорилгоор Швейцарын агентлагтай хамтран 21 аймаг, нийслэлийн 152 хороонд зарласан уралдаанд манай хороо амжилттай оролцож, 2 дугаар байранд шалгарсан. Манай хорооноос туршлага судлах гэж аймаг, дүүргээс хүмүүс их ирдэг. Энэ жилийн хувьд Хөвсгөл аймаг, Багахангай дүүргийн удирдлагууд, тамгын газрын ажилчид  ирж туршлага судалсан.

Ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.

Баярлалаа.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл