Мэргэжлийн хяналтын байгууллага - Орон нутагт

Нэмэгдсэн: 2020-03-31 17:46:33

Мэргэжлийн хяналтын байгууллага - Орон нутагт

АРХАНГАЙ 

Аймгийн Засаг даргын дэргэдэх Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг улсын орлого болгох, устгах комисс энэ сарын 18-ны өдөр хадгалах хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй 6,3 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг устгалаа.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/13 дугаар удирдамж, аймгийн Засаг даргын А/134 дугаар захирамжийн дагуу Эрдэнэбулган сумын хүнсний худалдааны цэгүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг энэ сарын 13-нд хийж, улсын байцаагчийн 22 актаар нийт 280 нэр төрлийн 2719 ширхэг, 106.9 кг хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч, ийнхүү устгасан байна. Зөрчил гаргасан ААН, байгууллага, иргэдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцжээ.

БАЯН-ӨЛГИЙ

Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор орж ирээд 14 хоног тусгаарлагдсан 191 иргэнийг дарааллын дагуу тусгаарлан ажиглах байрнаас гэрийн тусгаарлалтад шилжүүлж байгаатай холбогдуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын албан хаагчид хамтран өдөрт гурван удаа хяналт тавьж, гэрээс гарахгүй, өөрийгөө гэрт тусгаарлах тухай зөвлөгөө өгч ажиллаж байна. Гэртээ тусгаарлагдсан иргэд биеийн халуунаа өөрөө өдөрт 3 удаа хэмжиж харьяалах сум, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчид утсаар болон цахимаар холбогдон мэдээлэх, гэрээсээ гарахгүй, зочин урихгүй байхыг анхааруулж байна.

БУЛГАН

Булган аймгийн хэмжээнд ой хээрт аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг 2020 оны 4-р сарын 1-ний өдрөөс 6-р сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд түр хугацаагаар хориглосон аймгийн Засаг даргын захирамж гарчээ. Захирамжийн хэрэгжилтэд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон сумдын Засаг дарга, Ой анги хяналт тавин ажиллана.

ДОРНОД

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас цахилгааны аюулгүй байдалтай холбогдуулан хийсэн урьдчилан сэргийлэх хяналтаар 305 дутагдал илрүүлж 196 дутагдлыг арилгуулан, 194 ААН-д зөвлөмж хүргүүлжээ.

ОРХОН

Орхон аймгийн Засаг даргын захирамжаар  аймгийн хэмжээнд  бүх нийтийн их цэвэрлэгээг 03-р сарын 31-ний  өдөр, ариутгал халдваргүйтгэлийн арга хэмжээг 04-р сарын 1-ний өдрийн 13.00-18.00 цагийн хооронд тус тус зохион байгуулахаар болсон. Энэ хугацаанд бүх байгууллага, ААН-үүд үйл ажиллагаагаа түр зогсоох,  ачааны тээврийн хэрэгсэлтэй  иргэн, аж ахуй нэгжүүд хог тээвэрлэх ажилд сайн дураараа хамтран ажиллахыг уриалж байгаа бөгөөд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт тавин ажиллаж байна.

ӨВӨРХАНГАЙ

Арвайхээр сумын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, нийтийн тээвэр, худалдаа үйлчилгээний газрууд /100.000га/, орон сууцын орц, хонгил, тусгаарлах ажиглах байрны гадна орчны цардмал зам талбай, хог хаягдлыг түр цуглуулах цэг /4644м2/ талбайд 88,8тн халдваргүйтгэлийн уусмалаар халдваргүйтгэлийн ажлыг 2020.03.28-ны өдөр хийлээ. Мөн Арвайхээр сум дотор нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг дөрвөн автобусанд халдваргүйтгэл хийв. Халдваргүйтлийн ажлыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Зоонозын өвчин судлалын төв болон Арвайхээр сумын захирагчийн ажлын алба хамтран зохион байгуулаа.

СЭЛЭНГЭ

Коронавируст халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэн, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, ААНБ-ууд албан өрөө, тасалгаа, коридор, байгууллага орчмын 50мкв талбайд цэвэрлэгээ халдваргүйтгэл хийж хэвшихийг Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас уриалж, аяныг эхлүүлээд байна.

ТӨВ

Төв аймгийн Борнуур. Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт амралт, сувиллын үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд шинэ коронавирусын халдварын үед хилийн чанадаас ирэх Монгол иргэдийг тусгаарлан сэргийлэх чиглэлээр түр ашиглуулахаар өөрсдийн байрыг чөлөөлөх шийдвэр гаргасан. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн Баянбуурал, Баянхангай, Ахмадын сувилал, Дуган хад зэрэг амралт сувиллын газруудыг ЭМЯ, ХЗЯ, ХӨСҮТ, ЦЕГ, ОБЕГ, МХЕГ, Аймгийн МХГ-ын төлөөлөл болон УОК-ын гишүүд хамтран тус байрнуудын байршил, дэд бүтэц, зохион байгуулалт, агааржуулалт, ор дэвсгэр, эд хогшлын хангалт, халдвар хамгааллын дэглэм, эмчилгээ үйлчилгээ явуулах боломж зэрэгт хамтарсан хяналт хийлээ.

ХОВД

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хар-ус нуурын УТХГН-ын хамгаалалтын захиргаатай хамтран Загасны үржлийн үе эхэлж байгаатай холбогдуулан урьдчилан сэргийлэх хамтарсан хяналт шалгалтыг энэ сарын 28-29 өдрүүдэд зохион байгууллаа. Шалгалтын явцад Ховд гол дагуу хууль бусаар загас барихаар очоод байсан 50 гаруй иргэнийг саатуулж, холбогдох хууль тогтоомж, журмыг танилцуулан мэдээлэл өгч, зөрчлөөс урьдчилан сэргийлжээ.

Байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн тухай үнэн бодит мэдээллийг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 70431286, Цагдаагийн газрын 7043102 дугаарын утсуудад шуурхай холбогдон мэдээллийг иргэдэд уриалж байгаа бөгөөд
мэдээлэл нотлогдсон тохиолдолд “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 54 дүгээр зүйлд зааснаар 150000 төгрөгийн мөнгөн урамшууллыг сум, дүүргийн Засаг дарга ажлын 10 өдөрт багтаан байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос олгохоор заасан байдаг.

ХЭНТИЙ

Мэргэжлийн хяналтын газраас Мөрөн сумын нутаг Баагийн хоолой гэх газраас иргэд хууль бусаар жонш олборлосон зөрчлийг илрүүлэн эксковатор, ковш, норд бенз маркын трайллер, хонда инсегнт, портер 2 маркын автомашин тээврийн хэрэгслүүдийг журамлан саатуулаад байна. Эдгээр иргэд нь Улаанбаатар, Дундговь, Говь-Алтай, Булган, Дорноговь зэрэг аймгаас иржээ.

Байгаль орчны хяналтын тухай хуулийн 27.1.6-д зааснаар байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах явцдаа тухайн иргэний болон тээврийн хэрэгслийн баримт бичгийг шалгах, зөрчил илэрсэн тохиолдолд баримт бичиг, хууль бусаар агнасан, түүсэн, бэлтгэсэн, олборлосон байгалийн баялаг, ашигласан техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хураах гэж заасан байдаг.

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

ОХУ-аас 03.29-ний өдөр тээвэрлэж ирсэн 22 ачааны машин бүхий хүнсний бүтээгдэхүүнийг Интердисижн, Техник импорт ХХК-ний гүний гаалийн бүсэд буулгах үеэр ариутгал халдваргүйжүүлэлт хийж, НМХГ-аас бүтээгдэхүүний хадгалалт тээвэрлэлт, бичиг баримтын хяналт шалгалт хийж байна.

СҮХБААТАР БООМТ ДАХЬ ХИЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН АЛБА

Энэ сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн Улаанбаатар хотын гүний хяналтын талбайд ачаа буулгах долоон тээврийн хэрэгслийн 3 монгол, 5 гадаад жолооч, Эрдэнэт хотод ачаа буулгах 1 тээврийн хэрэгслийн 1 гадаад жолооч, Сэлэнгэ аймгийн Гаалийн хяналтын талбайд ачаа буулгах 5 тээврийн хэрэгслийн 5 гадаад жолооч, нийт 13 тээврийн хэрэгслийн 3 монгол, 11 гадаад жолоочийг эрүүл мэндийн үзлэг, тандалтад хамруулан эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй тул хил нэвтрүүлж хүчний байгууллагын хяналтад шилжүүллээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл