ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Нэмэгдсэн: 2019-10-14 15:47:28

ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Сайнцагаан суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 100 ортой хүүхдийн цэцэрлэг энэ сарын 7-ны өдөр нээлтээ хийлээ.

Нээлийн ажиллагаанд Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэн, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга А.Ганбат, Боловсрол, соёл урлагийн газрын дарга Ц.Бумангэрэл болон сумын удирдлагууд холбогдох албаны хүмүүс оролцов.

Цэцэрлэгийн үйл ажиллагаанд зориулж аймгийн удирдлагууд болон Боловсрол, соёл урлагийн газраас иж бүрэн комьпютер, даралтат хөгжим зэргийг гардуулан өглөө. Мөн ахмад буурлууд маань ахмадын холбооны “Хишиг” сангаас 1,500,000 мөнгөн төгрөгийг хандивласан юм. Түүнчлэн цэцэрлэгийг дулаанаар хангаж буй “Ган илч” компанийн захирал О.Ганбат ангиудад агаар цэвэршүүлэгчийг бэлэглэжээ.

Шинээр үйл ажиллагаагаа эхэлж буй тус цэцэрлэг нь Дундговь аймгийн 22 дахь цэцэрлэг аж. Тус цэцэрлэг 895,8 сая төгрөгийн өртөг бүхий бөгөөд гүйцэтгэлийн ажлыг “Монгол дээвэр” ХХК хийж гүйцэтгэсэн байна. Шинэ цэцэрлэг ашиглалтад орсоноор Сайнцагаан сумын цэцэрлэг хамрагдалт 83 хувьтай болж байна. 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл