“Тогтвортой мал аж ахуй–2018” залуу малчдын зөвлөгөөнд 400 гаруй малчид оролцлоо

Нэмэгдсэн: 2018-10-24 01:51:18

“Тогтвортой мал аж ахуй–2018” залуу малчдын зөвлөгөөнд 400 гаруй малчид оролцлоо

Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар, Хүнс, хөдөө, аж ахуйн газраас санаачлан “Тогтвортой мал аж ахуй - 2018” залуу малчдын зөвлөгөөнийг энэ сарын 5, 6-ны өдрүүдэд зохион байгууллаа. Залуу малчдын зөвлөгөөнд 15 сумын 400 гаруй малчид оролцсон юм.

Зөвлөгөөний үеэр аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ “2017 оны жилийн эцсээр 8283 малтай өрх, үүний дотор 7001 малчин өрх мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж, үүнд 12222 малчид ажиллаж байна. Малчин өрхийн тоо өмнөх оноос 411-ээр өссөн нь сайшаалтай үзүүлэлт юм. Аймгийн хэмжээний нийт өрхийн 48,1 хувийг малчин өрх эзэлж байна. Мөн 2017 оны жилийн эцэст мал сүрэг таван төрөл дээрээ өсч 3593,0  мянган толгой мал тоолуулсан нь аймгийн түүхэнд хамгийн олон мал тоологдсон жил байлаа” хэмээн онцолсон бөгөөд “Залуу малчдад мал маллах уламжлалт арга ухаан, шилдэг малчдын туршлагыг өвлүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийг бизнесийн зарчмаар хөгжүүлэх, малаа эрүүл, өндөр ашиг шимтэй байхаар өсгөн үржүүлэхэд нь туслан дэмжих явдал зайлшгүй шаардлага болоод байна. Залуу малчдыг бэлтгэх, нүүдлийн мал аж ахуйн соёлыг хадгалан хөгжүүлэх зорилгоор “Залуу малчдын амьжиргааг дэмжих” аймгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаагийн нэг хэсэг нь өнөөдрийн бидний оролцож байгаа “Тогтвортой мал аж ахуй-2018” малчдын зөвлөгөөн юм. Энэхүү зөвлөлгөөн мал аж ахуйн салбарын хөгжлийн өнөөгийн түвшинд үнэлэлт өгөх, хүндрэл бэрхшээлийн учир шалтгааныг тодорхойлох, салбарын хөгжлийг хурдасгахад төр засаг, орон нутгийн засаг захиргаа, мэргэжлийн байгууллага, мал аж ахуйн болон малын гаралтай бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрлэл эрхлэгчид болон малчин Та бүхний оролцоог идэвхжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна” гэв.

Зөвлөгөөний хөтөлбөрийн хүрээнд ХХААХҮЯ-ны Малын үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батсүрэн “Малын генетик нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд малчдын оролцоо” сэдвээр илтгэл тавьсан юм. Түүнчлэн малчидтай холбоотой хуулийн төсөл, хэрэгжиж буй ажил, төсөл хөтөлбөрийн талаар танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлэн малчдын санал бодлыг сонсчээ.

Тус зөвлөгөөнд оролцогчдод зориулан ТХДЖТ-ын уран бүтээлчид уран бүтээлийнхээ дээжсээс өргөн барилаа.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл