Ж.БАЯРТ-ОД: МАНАЙ АЙМАГ 20 ГАРУЙ НАЙДВАРТАЙ БОЛОН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧТЭЙ

Нэмэгдсэн: 2018-05-08 07:36:31

Ж.БАЯРТ-ОД: МАНАЙ АЙМАГ 20 ГАРУЙ НАЙДВАРТАЙ БОЛОН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧТЭЙ

Х.СОЁЛ-ЭРДЭНЭ
"Татвар төлөгчдийн өдрүүд"-ийн хүрээнд Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн дарга Ж.Баярт-Одтой ярилцлаа.
- Татвар төлөгчдийн өдрүүд эхэллээ. Энэ жилийн өдөрлөгөөр ямар асуудлыг хөндөж байгаа вэ?
- Энэ жилийн татвар төлөгчдийн өдрүүдийн зорилго нь татварын хууль тогтоомжийн сургалт, сурталчилгааг идэвхжүүлэх, татвар төлөх нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх, улсын төсвийн  орлогын зарцуулалтыг тайлагнах, татвар төлөгчдөд  талархах үйл ажиллагааг нийтэд хүртээмжтэй, орчин үеийн техник технологийн давуу талыг ашиглан, хямд зардлаар зохион байгуулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна. Сургалт сурталчилгааг түлхүү хийж, ЕБС, Их дээд сургуулийн оюутнууд, татвар төлөгчийн сегмент бүрт, зорилтод бүлгийн иргэд, ахмад настанд тохирсон сургалтыг явуулж байна.
- Дархан-Уул аймагт нийт хэдэн татвар төлөгч бүртгэлтэй байдаг вэ? Манай аймгийн шилдэг татвар төлөгч ямар байгууллагууд байдаг вэ?
- Манай аймгийн татвар төлөгчийн бүртгэлд 4213 хуулийн этгээд, 35,7 мянган татвар төлөгч иргэн татвар төлөгчөөр бүртгэгдсэн байдаг. Үүнээс нийт аж ахуйн нэгжийн 46 хувь нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Жил бүрийн татвар төлөгчдийн өдрүүдээр шилдэг татвар төлөгч шалгаруулж, батламж гардуулдаг байсан. Энэ жилийн хувьд шилдэг татвар төлөгч шалгаруулахгүй болсон нь өнөө жилийн бас нэг онцлог юм. Манай аймгийн татвар төлөгчдөөс 20 гаруй аж ахуйн нэгж найдвартай болон шилдэг татвар төлөгчөөр  шалгарсан байдаг. Тухайлбал: Манай аймгийн шилдэг татвар төлөгчөөр Тээвэр Дархан ХК, Дархан нэхий ХК, иргэн З.Ууганцэцэг гээд олон байгууллага, иргэн шалгарсан байдаг.
- Танай хэлтсээс татвар төлөгчдөд зориулсан сургалт сурталчилгааны ажлыг чамгүй хийдэг. Ер нь Татвар төлөгч бүрт хүрч ажиллаж чадаж байна уу?
- Сургалт сурталчилгааг тусгай төлөвлөгөөний дагуу орчин үеийн техник технологи ашиглан чанартай хийж, татвар төлөгчдөд тулгамдсан асуудлаар зөвлөгөө өгч ажиллаж байна.  Татварын алба татвар төлөгчдийг эрсдэлд оруулахгүйн үүднээс хуулийн сургалт, сурталчилгаа, үйлчилгээг түлхүү хийдэг учир татвар төлөгчдөд хүрч ажиллаж байгаа гэж бодож байна. Үйлчлүүлэгчийн санал хүсэлтийг 7037-1288 дугаарын утсаар авч асуудлыг нь ажлын 3 хоногт багтаан шийдвэрлэж байна. Одоогоор татварын албаны үйлчилгээний талаар гомдол санал ирсэнгүй харин жилийн эцсийн тайлангийн үеэр хэд хэдэн талархлын бичиг санал хүсэлтийн хуудсанд бичигдсэн байсан.Татвар төлөгчийн санал хүсэлтийг цахимаар болон цаасан хэлбэрээр авч байгаа.
-Татвар төлөгчдөд хэрхэн дэмжлэг үзүүлж ажилладаг вэ?
-Татварын албанд ирүүлсэн тайланд шинжилгээ хийж тэдэнд тохирсон зөвлөгөөг өгч ажиллаж байна. Алдагдалтай, “Х” тайлан ирүүлсэн, татварын өртэй хуулийн этгээдийн удирдлагуудтай уулзан ярилцаж шалтгааныг тогтоох, татвар төлөгчдийн эрх, үүргийн талаар тайлбарлан цаашид хэрхэх талаар холбогдох хуулийн зөвлөгөөг өгч  байна.
-“Татвар төлөгчдийн өдрүүд”-ээр Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, Их дээд сургуулийн оюутнуудад чиглэсэн сургалт болон гар зураг, зохион бичлэгийн уралдаан байнга зохион байгуулдаг.  Үүний үр дүн ямар байна вэ?
-Энэ ажлын хүрээнд аймгийн ЕБС, их дээд сургуулиудаас ирсэн бүтээлүүд улсын хэмжээнд жил дараалан тогтмол шагналт байруудад орсон.  Хүүхдүүд маань их идэвхтэй бас их өргөн хүрээтэй бүтээлүүд ирүүлж, татвар төлөгч ах эгч нартаа талархал илэрхийлсэн байдаг. Тэд ирээдүйн татвар төлөгчид учир тэдний татвар төлөх сэтгэлгээ төлөвшиж байгаа нь ирсэн бүтээлүүдээс нь  харагдаж байна.
-Тус аймгийн  орон нутгийн төсвийн  орлогын төлөвлөгөө болон улсын төсвийн орлогын төлөвлөгөө хэр биелж байна вэ?
- 2018 оны 4 дүгээр сарын 30-ны байдлаар орон нутгийн төсөвт 8739,7 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 8241,2 сая төгрөг төвлөрүүлж, орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг 94,3 хувиар, улсын төвлөрсөн төсөвт 1099,2 сая төгрөг төвлөрүүлэхээс 3193,8 сая төгрөг төвлөрүүлж, улсын төвлөрсөн төсвийн орлогын төлөвлөгөөг 290,6 хувиар биелүүлээд байна.
- Аймгийн хэмжээний автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлөлт хэдэн хувьтай байна вэ?
- Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан  татвар хураалт 05 дугаар сарын 31-ний дуустал хугацаанд явагдана.  Өнөөдрийн байдлаар 269,8 сая төгрөгийг төвлөрүүлсэн нь автотээврийн хэрэгслийн албан татвар төлөлт 67,5 хувьтай байна. Энэ сард тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орон нь 0 болон 5-аар төгссөн тээврийн хэрэгсэл болон сумдын тээврийн хэрэгсэл албан татвараа төлөх ёстой байгаа. Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан  татвар төлөх хугацаа дуусах гэж байгаатай холбогдуулан тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд амжиж албан татвараа төлөхийг анхааруулж байна.
- Ер нь татварын албанаас өнөөдрийн байдлаар хэдэн төрлийн татварын үйлчилгээг цахим хэлбэрт шилжсэн үзүүлж байна вэ?
-Татварын алба бүрэн хэмжээнд цахим хэлбэрт шилжсэн. Татвар төлөгчийн хүсэлт, лавлагаа тодорхойлолт гаргах зэргийг татвар төлөгч өөрийн эрхээр орж бар кодтой тодорхойлолтыг хэвлэн авах боломжтой. Мөн онлайнаар төлөх боломжтой. 
- Хэлтсийн хэмжээнд тулгамдаж буй асуудал бий юу? Цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын талаар товч мэдээлэл өгнө үү?
- Манай аймгийн хувьд татвар төлөгчдийн бааз суурь их байгаа боловч эдийн засгийн хүндрэлтэй байдал нь татвар төлөгчдийн үйл ажиллагаанд нөлөөлж, орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөө биелүүлэхэд хүндрэл учрах, НӨАТ-ын урамшууллын системд холбогдсон боловч НӨАТ-ын төлбөрийн баримт олгохгүй иргэдийг НӨАТ-ын 20 хувиа буцаан авах, үндэсний сугалаанд оролцуулахгүй байгаа нь хүндрэлтэй байна. Хэлтсийн хувьд дээрх хүндрэлтэй байдлаас гарахын тулд аймгийн Засаг даргын захирамжаар Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтарсан ажлын хэсэг байгуулан хамтран ажиллах, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас зарласан “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”-т  ахмадууддаа хамруулан НӨАТ-ын хуулийн хэрэгжилтэд хяналт тавиулах зэрэг ажлыг зохион байгуулахаар захиалга өгөөд байна.
- Албан хаагчдыг мэргэшүүлэх, мэдлэг чадварыг дээшлүүлэх тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
- Үндэсний татварын алба 2018 онд “Чадварлаг хариуцлагатай албан хаагч, чанартай хүртээмжтэй төрийн үйлчилгээ” гэсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байна.  Мөн Монгол Улсын Засгийн газраас “Хариуцлагын жил” болгон зарлаж, Засгийн газрын 2017 оны  01 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэхийг төрийн бүх шатны байгууллагад үүрэг болгосон. Манай хэлтэс ч дээрх  зорилт, албан даалгаврыг хэрэгжүүлэхийн тулд төлөвлөгөө гарган сахилга хариуцлага, ажлын цаг ашиглалтыг сайжруулах талаар олон арга хэмжээ аван ажиллаж байна. Ажилтан албан хаагчдынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэхэд онцгой анхаарч төрийн бус байгууллага, их дээд сургуулиудын багш нараар хичээл заалгах, мэргэшүүлэх, чиглүүлэх сургалтуудыг явуулах, туршлага судлуулах, ажлын байран дээр дадлагажих зэрэг ажлуудыг хийж байна.
-Ярилцсанд баярлалаа.
- Дахин хэлэхэд улс эх орны бүрэн эрхийн баталгаа, төрийн сан хөмрөгийг бий болгоход ихээхэн үүрэг гүйцэтгэж яваа татвар төлөгчдөд хандан баярын мэндчилгээ дэвшүүлье.

ДАРХАНЫ МЭДЭЭ СОНИН №28 2018/05 САР, ТУСГАЙ ДУГААР 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл