ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ИТГЭМЖЛЭЛИЙН ӨДӨР

Нэмэгдсэн: 2020-06-09 09:26:06

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ИТГЭМЖЛЭЛИЙН ӨДӨР

        Жил бүрийн 6 дугаар сарын 9-ний өдрийг олон улсад Дэлхийн Итгэмжлэлийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд Олон улсын итгэмжлэлийн Форум (IAF), Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (ILAC) хамтран “Дэлхийн итгэмжлэлийн өдөр”–ийг 12 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ жил “Хүнсний аюулгүй байдлыг сайжруулахад итгэмжлэлээр дэмжих нь” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ. 

       Нэгдсэн үндэстний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн худалдааны байгууллагаас 2019 оны 4 дүгээр сард гаргасан хамтарсан мэдэгдэл болон Дэлхийн банкнаас гаргасан “Баталгаагүй хүнсний сөрөг үр дагаврын тухай” гарын авлагад бага, дунд орлоготой орнуудын хүнсний аюулгүй байдалд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд итгэмжлэгдсэн сорилтын лабораториудын гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг дурдаад санхүүгийн хувьд бие даасан тогтвортой үйл ажиллагааг нь хангах шаардлага үүссэнийг онцлон тэмдэглэсэн байна. Хүнсний хэрэгцээнийхээ 50 орчим хувийг импортоор авдаг манай орны хувьд ч хүнсний аюулгүй байдал ихээхэн тулгамдсан асуудал байдаг бөгөөд үүнийг шийдвэрлэхэд тохирлын үнэлгээ, чанарын дэд бүтцийн оролцогч талуудын хүчин чармайлт чухал үүрэгтэй байдаг. 

       Стандарт, хэмжил зүйн газар нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хүнсний аюулгүй байдал, хүний эрүүл мэндийг хамгаалахад тодорхой ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагуудаас гаргасан үр дүнг Засгийн газар, олон нийтийн болон зохицуулагч байгууллага, хэрэглэгчид шууд хүлээн зөвшөөрч, асуудал шийдвэрлэдэг тогтолцоо Монгол Улсад бий болж, бэхэжсэнийг дараах тоо баримтаас харж болохоор байна. 

       Өнөөдрийн байдлаар Монгол Улсад итгэмжлэгдсэн сорилтын лаборатори 180 гаруй, хэмжил зүйн шалгалт тохируулгын лаборатори 15, бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын байгууллага 24, ур чадварын сорилтыг хэрэгжүүлэгч лаборатори 3, техникийн хяналтын 22 байгууллага тус тус үйл ажиллагаа явуулж, сорилт хэмжил, хяналт, аудитын үр дүнг гаргаж байна. Эдгээр тохирлын үнэлгээний байгууллагуудын 50 гаруй хувь нь хүнсний хангамж, нийлүүлэлтийн сүлжээн дэх бэлтгэн нийлүүлэлт, үйлдвэрлэл, хадгалалт, тээвэрлэлт, түгээлт, борлуулалтын үйл ажиллагаанд сорилт, хяналт, баталгаажуулалт хийж байна. 

       Монгол Улсын итгэмжлэлийн үйл ажиллагаа нь олон улсын стандартын шаардлагад нийцэж байгаа байдалд Ази номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (APAC)-аас 2020 оны 5-р сард хөндлөнгийн үнэлгээ хийсэн бөгөөд Монгол Улсын Итгэмжлэлийн тогтолцоо нь олон улсын шинэчлэгдсэн “Тохирлын үнэлгээ. Тохирлын үнэлгээний байгууллагыг итгэмжлэх итгэмжлэлийн байгууллагад тавих ерөнхий шаардлага. ISO/IEC 17011:2017” стандартын шаардлагыг үргэлжлүүлэн хангаж байгааг баталж, AРАСын Харилцан Хүлээн Зөвшөөрөх Хэлэлцээр (MRA)-т нэгдсэн гэрчилгээний хугацааг сунгаж олгосныг дурдахад таатай байна. 

    Цаашид стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн төрийн бодлого, зохицуулалтыг бизнесийн өрсөлдөх чадвар, бүтээмжийг нэмэгдүүлэх, нийгмийн хэрэгцээг хангах, хувийн хэвшлийнхэнд дэмжлэг үзүүлэхэд илүү үр ашигтайгаар хэрэглэх, түүнчлэн олон улсын зах зээлд нэвтрэх, худалдаан дахь техникийн саад тотгорыг бууруулах, шинэ технологи, үйлчилгээ нэвтрүүлэхэд улам их анхаарч ажиллах болно. 

дэлгэрэнгүй мэдээллийг эндээс  үзнэ үү

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл