ЦЭРЭГ, ИРГЭНИЙ НИСЭХИЙН НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨН УДИРДАГЧИД ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО

Нэмэгдсэн: 2019-03-27 00:58:30

ЦЭРЭГ, ИРГЭНИЙ НИСЭХИЙН НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨН УДИРДАГЧИД ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО

 

Агаарын цэргийн ангиудын нислэгийн хөдөлгөөний удирдагч, штабын ажилтнуудыг хамруулсан иргэний нисэхийн болон зэвсэгт хүчний нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээ, нислэгийн мэдээллийн үйлчилгээ, нислэгийн төлөвлөлтийн үйлчилгээ, эрэн хайх, авран туслах үйл ажиллагаа, холбоо, навигаци бодит ажиглалтын үйлчилгээ түүний хэрэглээг танилцуулах, туршлага солилцох онол, дадлагын 16 цагийн сургалт зохион байгуулагдлаа.

Сургалтад агаарын цэргийн командлал, зэвсэгт хүчний 065, 303, 337 дугаар ангийн 15 ажилтан хамрагдаж улмаар ИНЕГ-ын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны дарга П.Пүрэвсүхээс батламж гардлаа.

“Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын баримт бичигт “Монгол Улсын агаарын орон зайн аюулгүй байдал, иргэний агаарын хөлгийн аюулгүй ажиллагааг хангахад иргэний нисэх ба батлан хамгаалах салбар хоорондын хамтын ажиллагааны хөтөлбөртэй байна” гэж заасан байдаг. Үүний дагуу ИНЕГын дарга Л.Бямбасүрэн болонЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа нарын хамтарсан,2017 оны есдүгээр сарын 22-ны өдрийн А/601, А/411 дугаар тушаалаар “Иргэний нисэхийн ба Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хамтын ажиллагааны зөвлөл” байгуулагдаад байсан юм. Тус зөвлөлийг ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Д.Алтанцом, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга, Бригадын генерал Б.Батбаяр нар ээлжлэн удирдаж байгаа билээ.

“Иргэний нисэхийн ба Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хамтын ажиллагааны зөвлөл”нь “Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлөг, агаарын зай, агаарын хилийн аюулгүй байдлыг хангах зорилгоор иргэний нисэх, улсын нисэх болон батлан хамгаалах салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах” хөтөлбөр гарган хамтран ажиллаж байна. Энэ хөтөлбөрийнхөө хүрээнд цэрэг, иргэний нисэхийн Нислэгийн хөдөлгөөн удирдагч, штабын ажилтнуудыг хамруулсан дээрх сургалтыг зохион байгууллаа.

Төрийн байгууллагуудын мэдээлэл