Дүүргийн Засаг даргын нэрэмжит биеийн тамир спортын 5 дугаар их наадмын нээлт боллоо

Нэмэгдсэн: 2014-05-05 10:41:22

Дүүргийн Засаг даргын нэрэмжит “Хөдөлгөөн эрүүл мэнд” сэдэвт биеийн тамир спортын 5 дугаар их наадам 4, 5 дугаар саруудад зохион байгуулагдаж байгаа билээ. Биеийн тамир спортын 5-р их  наадам спортын 12 төрлөөр 2 сарын турш үргэлжилж, 13 сая төгрөгийн шагналын сан, 349 багц медалийн төлөө, авхаалж самбаа,  ур чадвараа сорин өрсөлдөх юм. Тэгвэл энэ сарын 03-ны өдөр их наадмын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Их наадмын бамбарыг  дүүргийн хүндэт иргэн, дүүргийн Засаг даргын нэрэмжит биеийн тамир спортын III, IY их наадмын аварга “Боловсрол” цогцолбор сургуулийн Биеийн тамирын заах аргын нэгдлийн ахлагч, багийн дасгалжуулагч, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан  Х.Батчулуун, “Гүн галуутай” цогцолбор сургуулийн 4б ангийн сурагч, 2013, 2014 оны өсвөрийн шатарчдын улсын аварга тамирчин н.Удвал, усан спорт боулингийн төвийн фитнессийн дасгалжуулагч, спортын мастер, 2013, 2014 оны хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө,  улс,  холбооны нэрэмжит тэмцээнүүдийн алт мөнгө хүрэл медальт Ч.Ганболд нар, цомыг Дүүргийн Засаг даргын нэрэмжит биеийн тамир спортын IY их наадмын аварга  н.Туулсайхан захиралтай “Боловсрол” цогцолбор сургуулийн баг тамирчид хүндэтгэлтэйгээр заллаа.

Их наадмын нээлтийн ёслолд дүүргийн ИТХ-ын дарга, төлөөлөгч нар, дүүргийн Засаг дарга, Засаг даргын орлогч нар, байгууллага аж ахуйн нэгжийн удирдлагууд оролцсон бөгөөд дүүргийн Засаг дарга энэ үеэр хэлсэн үгэндээ “Дүүргийн Засаг даргын  зүгээс биеийн тамир спортыг орон нутгийн нөхцөл байдал, хүн амын хэрэгцээ, онцлогт нийцүүлэн хөгжүүлэх бодлого барин ажиллаж оюуны болоод бие бялдрын өв тэгш хөгжилтэй, хөдөлмөрийн бүтээмж сайтай иргэдтэй байж, биеийн тамирыг хувь хүний хэрэглээ, хамт олон, байгууллагын дүр төрх болгох  зорилт тавин  дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж, спортын холбоод, салбар зөвлөлүүдтэй хамтран ажиллаж  байгаагийн зэрэгцээ тамирчдын залуу халааг бэлтгэх, тэдний ур чадварыг нэмэгдүүлж амжилтыг ахиулах зорилгоор  дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөр үеийн шигшээ багийн тоог 3 төрлөөр  нэмэгдүүлэн 10 гаруй сая төгрөгийн дэмжлэг үзүүлэн  ажиллаж өсвөрийн тамирчид маань  нийслэл, улс, олон улсын чанартай  тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж  дүүргийнхээ төдийгүй Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж байна” хэмээн онцоллоо.
Нээлтийн ёслолын үеэр залуу насныхаа ид хавыг гайхуулан биеийн тамир, спортоор хичээллэхийн ач холбогдлыг харуулж Монгол Улсынхаа нэрийг цуурайтуулж, улсынхаа төрийн далбааг тив, дэлхий, олимпын тэнгэрт мандуулсан ахмад, гавьяат тамирчин дэлхий аваргын  хүрэл, олон улсын тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт,  ази тивийн аварга  О.Энхтайван, дэлхийн аваргын мөнгө, хүрэл, олон улсын тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт М.Хойлогдорж, Монгол Улсын анхны тэшүүрийн эмэгтэй гавьяат тамирчин,1964, 1968 оны өвлийн  олимпод  амжилттай оролцсон, олон улсын тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт Ц.Лхамжав нарт дүүргийн төр захиргааны байгууллагаас хүндэтгэл үзүүллээ. Мөн дүүрэгт биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, биеийн тамир, спортын их наадмыг санаачлан, цаашид үргэлжлүүлэн зохион байгуулан өдийг хүртэл уламжлал болгон авч яваа  үе үеийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарт биеийн тамир спортын 5 дугаар их наадмыг зохион байгуулах ажлын хэсгээс дурсамж гардуулсан байна.
Одоогийн байдлаар 5-р их  наадмын 7 төрлийн  тэмцээн явагдаж  давхардсан тоогоор 27 байгууллагын 2000 гаруй тамирчид оролцож, спортын мастер 10 гаруй, спортын зэрэгтэй 300 гаруй тамирчид оролцож байна. Дашрамд сонирхуулахад Нээлтийн ёслолын үеэр азтай таван үзэгчийг тодруулсан бөгөөд 4 жил тутам зохион байгуулагддаг спортын их наадм хөгжөөн дэмжигчдийн дуутай болсон байна.

 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл