Шуудай хогийг 1000 төгрөгөөр худалдан авлаа

Нэмэгдсэн: 2013-08-14 15:19:26

 Хог хаягдлын менежментийг сайжруулах, хур хог хаягдлыг цэвэрлэх, хоггүй дүүрэг болох зорилгоор Багануур дүүргийн хэмжээнд 2013 оны 8 дугаар сарын 9-13-ны хооронд их цэвэрлэгээ зохион байгууллаа. Хур хог хаягдлыг цэвэрлэх ажлыг дүүргийн  суурьшлын бүсээс гадна тал хээр, гуу жалганд хийж, хур хог хаягдлыг бүрэн цэвэрлэжээ. Энэ ажлыг хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэд хийж гүйцэтгэсэн бөгөөд иргэдээс 70 килограммын нэг шуудай хогийг газар дээрээс нь 1000 төгрөгөөр худалдан авлаа. Өмнө нь нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахдаа иргэдэд өдрийн 11,000 төгрөгийг жигд олгон ажилладаг байсан бол энэ удаад хогийг үнэлэснээр иргэдийн идэвх ч их байлаа. Их цэвэрлэгээний ажилд давхардсан тоогоор нийт 355 иргэн хамрагдаж, 9146 шуудай хогийг төв хогийн цэгт буулган ажиллав.  Иргэдээс нийт 9.146.000 төгрөгний хогийг тав хоногийн хугацаанд худалдан авсан байна. Дүүргийн төр захиргааны байгууллагын зүгээс нутаг дэвсгэртээ хур хог бий болгохгүй байх үүднээс хогийг үнэлэх бодлогыг баримталж байгаа юм. Энэ хүрээнд хог боловсруулах үйлдвэр байгуулах төслийг сонгон шалгаруулж хамтран ажиллахаар болоод байна. Энэ сарын 19-нийг дуустал төслийг Багануур дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв НӨҮГ-т хүлээн авч байна.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл