Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Зам тээврийн салбараар үйлчлүүлдэг хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.

Нэмэгдсэн: 2019-04-29 08:16:33

Зам тээврийн салбараар үйлчлүүлдэг хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд зааснаар “Хэрэглэгч гэдэг бол аливаа бараа, ажил, үйлчилгээг зөвхөн хувийн хэрэгцээндээ зориулан худалдан авч, үйлчлүүлж байгаа хувь хүн” юм. Нийгмийн үйлчилгээг хүлээн авч буй хэн бүхэн тухайн салбарынхаа хэрэглэгч, үйлчлүүлэгч, харилцагч байдаг учраас бүх шатны байгууллагууд иргэнийхээ төлөө, хэрэглэгчийнхээ төлөө, үйлчилгээний байгууллагууд нь үйлчлүүлэгч, харилцагчдынхаа төлөө ажиллаж байж хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал төгс шийдэгдэх юм. 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Хариуцлагатай хэрэглээ – хэрэглэгчийн эрх”-ийн жилийн хүрээнд хэрэглэгчийн асуудлаар хэрэглэгч, бизнес эрхлэгч, үйлчилгээний байгууллагууд болон төрийн байгууллагууд гэсэн гурвалсан хэлхээ бүхий “ХӨГЖЛИЙН ГУРВАЛЖИН” буюу хамтын ажиллагааны гурвалжинг бий болгох зорилтыг дэвшүүлэн 2019 онд хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 

Энэ хүрээнд тухайн салбарын хэрэглэгч, үйлчлүүлэгч, харилцагчийн эрхийг хамгаалах үүднээс холбогдох яамд, байгууллагуудын дэргэдэх “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах орон тооны бус салбар зөвлөлтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд үүний нэг нь зам тээврийн салбараар үйлчлүүлэгч, хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажил юм.

Зам тээврийн салбарын хувьд 2019 оны 1 дүгээр улирлын статистик мэдээгээр авто тээврээр 41,5 сая хүн, төмөр замаар 554,5 мянган хүн, нисэх онгоцоор 300,4 мянган хүн зорчсон байна.

Харин  2018 онд зам тээврийн ослоор 20 345 хүн өртөж, 529 нь хорвоог орхисон харамсалтай мэдээ байдаг.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын  “Хэрэглэгчийн мэдээллийн 1284 төв”-д 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар нийт 774 иргэн хандсанаас өргөдөл, гомдлын шинжтэй 141, санал, мэдээллийн 95, зөвлөгөө, зөвлөмж хүссэн 538 иргэнд зохих хариултыг өгч, зөвлөн тусалж ажилласан байна.

Зам тээврийн салбараар үйлчлүүлэгч нь хэрэглэгчийн хувьд аюулгүй байдлаар хангагдах, санал бодлоо илэрхийлэх, бодит мэдээлэл авах, учирсан хохирлоо нөхөн төлүүлэх, хэрэглээний соёл эзэмших эрхтэй.

Иймээс хэрэглэгч, үйлчлүүлэгч, харилцагчийн боловсрол, хэрэглээний соёлыг нэмэгдүүлэх чиглэлээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хэрэглэгчийн эрх, түүнийг хамгаалах үндэслэл, гомдол гаргах шат дарааллын талаар мэдээ, мэдээллийн зурагт хуудас, танилцуулгыг бэлтгэн олон нийтийн сүлжээгээр түгээж байна.

Зам, тээврээр үйлчлүүлж буй хэрэглэгчийн эрхийг хангах чиглэлээр Зам тээврийн хөгжлийн яам, Улаанбаатар төмөр зам, Иргэний нисэхийн Ерөнхий газар, МИАТ, Авто тээврийн үндэсний төв зэрэг маш олон байгууллагууд ажилладаг.

Тухайлбал “МИАТ” ТӨХК-иас  Хэрэглэгч таны дуу хоолой бидний амжилтын хөтөч уриатай “Хэрэглэгчийн дуу хоолой” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж 2018 онд нийт 1377 хүсэлт, лавлагаа, гомдол, талархалыг хүлээн авч шийдвэрлэжээ.

Салбар, чиглэлийн хүрээнд тухайн байгууллагуудаас үйлчлүүлэгч, хэрэглэгчийн гомдлыг тус бүртээ хүлээн авдаг бөгөөд хэрэв хэрэглэгчийн гомдлыг тус байгууллагуудаас хүлээн авахгүй тохиолдолд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандан эрхээ хамгаалуулах эрхтэй юм.

ЗТХЯ: 92263179, УБТЗ: 21244610, ИНЕГ: 11282051, МИАТ: 7004-9967, ОУНБ:11 283200, АТҮТ: 1900-1234

УТАС: 1800-1284

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

Төрийн байгууллагуудын мэдээлэл