Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди нар албан ёсны хэлэлцээ хийсний дараа мэдээлэл хийлээ. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд ноён Нарендра Модигийн манай улсад хийж байгаа төрийн айлчлал нь Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд болж байгаа бөгөөд хоёр орны харилцааны түүхэнд Энэтхэг Улсын Ерөнхий сайд анх удаа манай оронд айлчилж байгаагаараа онцлог гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд онцоллоо.
“Өнөөдөр би Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Нарендра Модитой хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, олон улсын болон бүс нутгийн асуудлаар өргөн хүрээнд санал солилцож, бидний хэлэлцээ амжилттай боллоо. Албан ёсны хэлэлцээний үеэр Монгол-Энэтхэгийн иж бүрэн түншлэлийн харилцааны түвшинг дээшлүүлэн хоёр улсын харилцааг стратегийн түншлэлд дэвшүүлэхээр тохиролцлоо. Мөн хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулж, Энэтхэгийн компаниуд Монгол Улсын төрийн байгууллага болон компаниудтай хамтран төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хамтран ажиллаж, хөрөнгө оруулахаар боллоо. Мал сүргийг эрүүлжүүлэх, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хөдөө аж ахуйн салбарт шинэ технологи нэвтрүүлэх чиглэлээр хоёр тал хамтран ажиллахаар тохиролцсон. Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн 1000 багшийг Энэтхэг улсад суралцуулах англи хэлний хөтөлбөрт хамруулахаар боллоо. Манай улсын дэд бүтцийн салбар, ялангуяа төмөр зам цахилгаан станц, харилцаа холбоог хөгжүүлэхэд Энэтхэг улс нэг тэрбум хүртэлх ам.долларын зээлийн шугам нээхээ илэрхийлсэн. Гарын үсэг зурсан хоёр орны хамтын ажиллагааны баримт бичгүүд нь эрх зүйн үндсийг бэхжүүлж, олон салбарт хамтран ажиллах шинэ боломжийг нээж байна” гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.
Хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд дэвшүүлснээр Монгол Улс дөрвөн улстай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай болж байгаа юм.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад айлчилж байгаа Энэтхэгийн анхны Ерөнхий сайд болж байгаадаа сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд хоёр талын харилцааг хөгжүүлэх, бүс нутаг болон олон улсын тавцанд хамтран ажиллахад бид нэг үзэл баримтлалтай байгаа гэдгийг онцоллоо. Өнөөдөр гарын үсэг зурсан баримт бичгүүд нь хоёр талын хамтын ажиллагааны түвшин хэр байгааг харуулж буй хэрэг юм. Бид эдийн засгийн харилцаа, цаашдын түншлэл, аюулгүй байдал болон ард иргэдийн хоорондын харилцааг хөгжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Эдийн засгийн харилцаагаа шинэ түвшинд гаргаж, БНЭУ-аас нэг тэрбум ам.долларын зээлийн шугам нээж байгаагаа мэдэгдэхэд таатай байна. Энэ зээл нь Монгол Улсын эдийн засгийн чадавхийг дээшлүүлэхэд зориулж дэд бүтцийн салбарт хийгдэх хөрөнгө оруулалт болох юм. Мөн Энэтхэгт суралцах монгол оюутны тоог 150-200-д хүргэж, Улаанбаатарт Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль байгуулна. Эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээн ажиллах талаар бид ярилцаж тохиролцлоо. Уул уурхай, эрүүл мэнд, эмийн болон сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлүүдээр хамтран ажиллах асар их нөөц боломж бидэнд байна гэж Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди хэллээ.
Айлчлал үргэлжилж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.