Өмнөговь аймагт ахмадын чөлөөт холбоо, ахмад багш нарын холбоо, ахмадын хороо, бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ахмадын зөвлөл зэрэг 20 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулдаг.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эдгээр байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, ахмад настны нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдэнд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх зэрэг чиглэлээр ярилцлаа. Өмнөговь аймагт 4300 гаруй ахмад настан байгаа нь нийт хүн амын 7 орчим хувийг эзлэж байгаа юм.
Орон нутгаас өөрийн нөөц боломжиндоо тулгуурлан аймгийн ахмадын соёл, мэдээллийн төв байгуулж, ахмад настны нийгмийн нөхөн сэргээлт хөтөлбөрийг хэрэгжүүлэн, тэдний эрүүл мэндэд анхаарч ажиллаж байгаа талаар ахмадын байгууллагынхан Ерөнхий сайдад танилцууллаа.
Ахмадын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагуудаар төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх болсон тухай Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.