Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Улсын тэргүүний 3 дугаар сургуулийн сургалт, хүмүүжлийн ажлын үйл явцтай танилцлаа. Тус сургууль 2014-2015 оны хичээлийн жилд 69 багш, 16 ажилтан, 46 бүлгийн 1487 сурагчтайгаар сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна. Энэ хичээлийн жилээс эхлэн бага боловсролын шинэчилсэн цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс гадна ахлах ангид математик, байгалийн ухааны хичээлүүдээр гүнзгийрүүлсэн сургалт зохион байгуулж байгаа тухайгаа сургуулийн удирдлагууд Ерөнхий сайдад танилцууллаа. Сурагчдын авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор сүүлийн жилүүдэд хичээлээс гадуурх секц, дугуйлан, клуб хичээллүүлж, нийт сурагчдын 90 орчим хувь нь хамрагдаж байна. Сургалтын таатай орчин бүрдүүлж сурагчдын сурах боломжийг хангахын тулд орон нутгийн төсвөөс дотоод хяналтын камерийн иж бүрдэл, 8 ухаалаг самбар, физикийн лаборатори, технологийн кабинет, биеийн тамирын танхимын тоног төхөөрөмж зэрэг 136.2 сая төгрөгийн хөрнгө оруулалт хийжээ. Тус сургууль 2013 онд Улсын тэргүүний сургууль болсон юм.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч ажилтнуудтай уулзаж, Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд хийсэн ажилтай танилцлаа. Эмнэлгийн тоног төхөөрөмж шинэчлэгдэж, эмч, мэргэжилтний чадвар дээшилснээр эмнэлгийн үндсэн үзүүлэлт сайжирч, нэг хүртлэх насны хүүхдийн эндэгдэл өнгөрсөн оныхоос 2.3%, перинаталь эндэгдэл 2.3%-аар буурч, дөрөв дэх жидлээ эхийн эндэгдэлгүй ажиллаж байгаа юм. Аймагт оношлогоо, эмчилгээний шинэ технологи нэвтэрснээр гемодиализ эмчилгээ, дурангийн мэс заслын хагалгаа, тархины мэс засал, төрөл бүрийн хугарлыг рентгений тусламжтай далд аргаар мэс заслын эмчилгээ зэргийг хийдэг болж, Улаанбаатар хотын гуравдугаар шатлалын эмнэлэгт 13-А маягтаар явдаг хүмүүсийн тоо эрс буурсан үзүүлэлттэй байгааг Ерөнхий сайдад танилцууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.