2014.09.13-нд “Чингис”-ийн талбайд Хууль зүйн яамны “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж өнгөрлөө

Нэмэгдсэн: 2014-09-15

 2014.09.13-нд болсон Хууль зүйн яамны “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр Архивын ерөнхий газраас дараахи үйлчилгээг иргэд, олон нийтэд хүргэлээ. Үүнд:
- Монгол Улсын 1933, 1956 оны хүн амын тооллогын цахим мэдээллийн сангаас 70  иргэнд архивын магадлагаа олгожээ.
- Муутуу цаасан дээр 200 гаруй хүний овог, нэрийг монгол бичгээр уран бичиж өгөх үйлчилгээ үзүүлсэн байна.
Мөн Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй цаасан баримт; тамга; кино хальс, гэрэл зураг; зураг төслийн баримтын дээжсээс бүрдсэн архивын баримтын бичил үзэсгэлэнг гаргаж олон нийтэд үзүүлэв. 
Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөөг 60 гаруй иргэнд өгч, сонирхсон асуултанд нь хариулж, шаардлагатай мэдээллийг өгсөн байна.
Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар гарсан ном, гарын авлага, баримт бичгийн эмхэтгэлийн танилцуулга, худалдааг зохион байгуулж, Архивын ерөнхий газрын өнгөт танилцуулга 200ш, Төрийн архивуудын өнгөт танилцуулга 200ш, CD танилцуулга 100ш, жижиг брошюр 300ш тараажээ. Асарт байрласан LCD дэлгэцээр Архивын ерөнхий газрын видео танилцуулга, Монгол киног тоон хэлбэрт шилжүүлэх HD төслийн талаарх видео танилцуулга зэргийг үзүүлсэн байна.
Хууль зүйн яамны “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг угтан “Эрх чөлөөтэй Монгол хүн” аяны хүрээнд АЕГ-ын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын төвөөс кино үзвэрийн “Монгол кино өдөрлөг”-ийг 2014.09.10-аас 12-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тус арга хэмжээний хүрээнд кино баримтын нандин өв болсон ”Арван хоёр жил” хүүхэлдэйн кино /1987 он/, Монголын уран сайхны “Гурван найз” /1958 он/, “Дэгдээхий нас” /1973 он/, ”Гийнгоо” /1983 он/ зэрэг 9 кино, “Архины хор” /1979 он/, “Тамхины хор” /1972 он/, “Гэмт хэргийн мөрөөр” /1989 он/ зэрэг 8 баримтат киног үзүүлэв.
“Монгол кино өдөрлөг”-ийн үеэр Монгол Улсын Хүүхэд гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төв, “Шавь” цогцолбор сургууль, Олонлог төв сургууль зэрэг ЕБС-ийн 200 гаруй сурагчдад нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч “МЭЗ” ХХК гарын бэлгээ гардууллаа.
Нийт 3 өдөр үргэлжилсэн уг үйл ажиллагаанд ЕБС-ийн сурагчдаас гадна Д.Жигжидийн нэрэмжит КУДС-ын 120, Улаанбаатар дээд сургуулийн 35 оюутан, зарын дагуу хүрэлцэн ирсэн үзэгчид зэрэг нийт 400 гаруй үзэгчид кино үзэж сонирхсоноос гадна, Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын төвийн баримтын хадгалалт, хамгаалалтын үйл ажиллагаатай танилцлаа.
Мөн “Эрх чөлөөтэй Монгол хүн” аяны хүрээнд 2014.09.11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 25 дугаар цэцэрлэгт шар хуайс, цагаан хус зэрэг 40 гаруй суулгац модыг АЕГ-ын ажилтнууд тарьж цэцэрлэгт нь хүлээлгэж өгсөн байна.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл