Сургуулиудын захирлуудтай үр дүнгийн гэрээ байгууллаа
Аймгийн Засаг дарга 28 сургуулийн захиралтай үр дүнгийн гэрээ байгууллаа.
Тэрээр гэрээ байгуулахын өмнө захирлуудад хандаж нэг бодлоготой, нэг хамт олон байж ажилдаа санаачлага гарган улам их амжилт олохыг хичээн ажиллахыг сануулж байсан. Засаг дарга Д.Бат-Эрдэнэ захирлуудад хандан:
- Та бүхэнтэй байгуулж буй гэрээний заалтууд нь өмнөх жилүүдээс нилээд тодорхой, хариуцлага шаардсан чанга гэрээ болсон байгаа.
Сургуулиудын захирал үдийн хоол гэдэг зүйл гарснаас хойш аж ахуйн ажилруу хэт орж сурлагын чанарын асуудлуудаа орхигдуулсан жишээнүүд гарч байна.
Би ажил аваад жил гаран болж байна. Энэ хугацаанд аж ахуйн чанартай хүсэлтүүд л захирлууд хэлж орж ирэхээс биш энэ багшийг сургалтанд хамруулъя, энэ хүүхдийг дэмжиж өгөөч, гадаад харилцаагаа бид ингэж тэлмээр байна гэсэн хүсэлт тоотой орж ирсэн.
Төр гэж байдаг бол багш нарынхаа төлөө, сурагчдынхаа төлөө ажиллах ёстой. Харин та бүхний төлөө төрийн хийж байгаа зүйлд оролцохгүй, дэмжихгүй байвал учир дутагдалтай тэр хүнд арга хэмжээ төрөөс авч л таарна.
Үүгээрээ юу хэлэх гээд байна гэвэл “Математик” хөтөлбөрийн хүрээнд олон ажлууд хийж байна. Зарим сумдын сургууль сурагчид, багш нараа хамруулахгүй байна.
Цаашид ИТХ-тай хамтраад энэ хөтөлбөртэй ижил “ Хүүхдийг яаж төлөвшүүлэх вэ?” хийсэн бүтээсэн зүйлээ хэрхэн хайрлаж хамгаалах вэ, юманд хэрхэн бүтээлчээр хандах вэ гэхчлэн хүмүүжил, төлөвшилтэй уялдсан хөтөлбөр боловсруулах тал дээр судалж байна.
Аймгийн Засаг дарга боловсролын хүн байгаа учраас аймгийн боловсролын асуудалд мөнгө хайрлахгүй, Гагцхүү та бүхэн хамтраад хүүхдийн боловсролын чанарыг дээшлүүлэх, багш нарын чадавхыг нэмэгдүүлэх ямар боломж нөхцөл байгааг гаргаад ир би дэмжихэд бэлэн байна.
Хүний төлөө гэсэн бүхий л асуудлыг дэмжинэ.
Цаашид аймгийн хэмжээний уралдаан тэмцээнд багш, сурагчидаа идэвхитэй хамруул. Сургууль дээрээ багш нарын чадавхыг сайжруулах зорилгоор сургалт ав. Төвөөс ямар хүн хэрэгтэй байна, ямар багшаар сургалт хийлгэмээр байна, саналаа хэл. Хөрөнгө мөнгөний асуудал дээр байгууллага өөрөө шийдэх боломжгүй бол туслъя.
Засаг даргын мөрийн хөтөлбөрийн боловсролтой холбоотой зүйл заалтуудыг судалж ажил болго, мөрийн хөтөлбөр дээрх заалтууд нь дэмжигдэх боломжтой тул сайн ажил, судал.
Хүүхэд нэг бүрийн авъяасыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд саяхан спортын холбоодын удирдлагуудтай уулзсан. Одооноос аймгийн спортын холбоод үйл ажиллагаагаа жигдрүүлэн ажиллах амлалттай тул та бүхэн сурагчдыг хамруул.
Боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого шууд үр дүн нь харагдахгүй ч гэлээ зөв гольдролоор явах юм бол 2-3 жилийн дараа үр дүн нь мэдэгдэнэ хэмээн тэрээр захирлуудад санууллаа.
Хамгийн чухал нь багш нарынхаа чадварыг л нэмэгдүүлье! Сургалтанд хамруулж, гадаад дотоодын сургуульд дахин мэргэжил дээшлүүлье гэсэн санааг дахин дахин илэрхийлж байсан юм.
Үр дүнгийн гэрээг аймгийн хэмжээнд 32 захирал хийх байсан боловч өнөөдрийн байдлаар 28 захирал ийнхүү аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга, Боловсролын газартай дөрвөлсөн гэрээг үзэглэлээ.