2013-2014 оны хичээлийн жилд Багануур дүүргийн “Боловсрол”, “Гүн галуутай” цогцолбор сургууль, “Сод” бүрэн дунд сургуулийг нийт 378 сурагч төгсөж мөнгөн хонхны баяраа энэ сарын 10-нд хийлээ. Төгсөлтийн баярт дүүргийн ИТХ-ын дарга Р.Өнөржаргал, Засаг дарга М.Гончигжав, Засаг даргын орлогч Г.Цамбагарав, Т.Отгонболд болон бусад албаны хүмүүс оролцсон бөгөөд дүүргийн Засаг дарга баяр хүргэж хэлсэн үгэндээ “Удахгүй болох төгсөлтийн болон элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч хүссэн, зорьсон мэргэжлээ сонгон суралцаарай. Мэргэжлээ сонгохдоо өөрийн авъяас чадвар эрдэм мэдлэгтээ түшиглэхийн зэрэгцээ дүүргийнхээ хэтийн хөгжил, бодлогыг харж хамгийн эрэлттэй байгаа мэргэжлийг сонговол ажлын байраар хангагдах боломж ихтэй. Төрөлх дүүрэгтээ ажиллаж, амьдран, Багануурынхаа хөгжил цэцэглэлтэд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцлон хэлсэн юм. Баярын үеэр сурч боловсрох хугацаандаа бусдыгаа манлайлсан шилдэг 7 сурагчид дүүргийн Засаг даргын дурсамж үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа. Энэ хичээлийн жил бол Шинэчлэлийн Засгийн газар, Боловсрол Шинжлэх Ухааны Яамны хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлогын хүрээнд “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн онцлог жил байлаа. Манай дүүргийн хувьд хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд “Боловсрол” цогцолбор сургуулийн багш Б.Балжиннямын удирдсан “Бүжиг бүжиг” чуулга “Бидний омогшил” тайлан тоглолт, “Гүн галуутай” цогцолбор сургууль “Эгшиглэнт сурагч нас” урлагийн тайлан тоглолтоо дүүргийнхээ нийт иргэдийнхээ өмнө толилуулсан. Мөн “Сод” бүрэн дунд сургууль, шинээр байгуулагдсан 125 дугаар сургуулиуд авъяаслаг сурагчдынхаа бүтээлийн үзэсгэлэнг нээн харуулсан.