Цэргийн жинхэнэ алба хаах иргэдээ хүндэтгэлтэйгээр үдлээ

Нэмэгдсэн: 2014-05-12

Цэргийн жинхэнэ алба хаах иргэдээ хүндэтгэлтэйгээр үдлээ

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/259 дүгээр захирамжийг үндэслэн Багануур дүүргийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 17-ний А/118 дугаар захирамжийн дагуу дүүргийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах иргэдийг татах, гэрээт цэрэгт элсүүлэх ажлыг 5 дугаар сарын 9-ний өдөр зохион байгуулсан. Нийт 447 зарлан дуудах хуудас бичин хороодоор дамжуулан хүргүүлснээс эзэндээ хүрсэн 415 нь буюу 92,8 хувьтай зарлан дуудах хуудас тараагдсан байна. Тэгвэл энэ сарын 10-ны өдөр дүүргийн Засаг дарга, ЗДТГ-ын дарга болон холбогдох албаны хүмүүс, гэр бүл найз нөхөд нь цэргийн жинхэнэ алба хаахаар эрүүл мэндийн үзлэгээр тэнцсэн иргэдийг Багануур өндөрлөгөөс үдэж мордууллаа. Энэ үеэр дүүргийн Засаг дарга М.Гончигжав хэлсэн үгэндээ “Эх орныхоо өмнө хүлээсэн иргэний цэргийн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, очсон анги салбартаа манлайлагч нь байж Багануур дүүргийнхээ нэр төрийг өндөрт өргөж яваарай” хэмээн хүсэн ерөөлөө. Дүүргийн төр захиргааны байгууллагаас иргэний цэргийн үүргээ биелүүлсэн залуусыг ажлын байраар хангах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сургалтуудад хамруулах зорилго тавин ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд цэргийн жинхэнэ алба хаах хүсэлтэй залуусын тоо нэмэгдэж байгаа ч эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй тохиолдол гарч байгаа юм байна.

Төрийн байгууллагуудын мэдээлэл