Сайд Ц.Баярсайхан Монгол, Туркийн харилцаа улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт амжилттай хөгжиж байгааг дурьдаад тус улсын Ерөнхий сайд Р.Т.Эрдоаны өнгөрсөн хавар Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал хоёр орны харилцааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг онцлон тэмдэглэжээ.
Уг айлчлалын мөрөөр хийх ажлын хүрээнд хоёр улсын барилга, хот байгуулалтын салбарын хамтын ажиллагааг өргөтгөх, шинэчлэлийн Засгийн газраас дэвшүүлсэн орон сууцны төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Туркийн талтай хамтран ажиллах гэр хорооллыг дахин төлөвлөх, барилгын салбарт дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар туршлага судлах, боловсон хүчин бэлтгэх зэрэг асуудлыг сайд хөндөж ярив.
Ялангуяа Туркийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 5000 айлын орон сууц барих ажлыг хурдасгахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхийлөгчөөс хүссэн байна.
БНТУ-ын Ерөнхийлөгч А.Гүл Турк Монголын харилцаа амжилттай хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байна гээд сайдын тавьсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Мөн Монголд шинэчлэлт, бүтээн байгуулалтын ажлыг улам өрнүүлж, эрчимжүүлэхийн тулд гадаадын түүний дотор Туркийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллахыг зөвлөжээ.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн нар мөн өдөр Туркийн Экзим банкны удирдлагуудтай уулзаж, Улаанбаатар хотод орон сууцны хороолол барихад зориулж, Туркийн Засгийн газраас олгох 300 сая ам долларын хөнгөлөлттэй зээлийн асуудлаар ярилцсан байна.