Монголын барилгачдын өдөр тохиож байна

Нэмэгдсэн: 2013-09-06

Монголын барилгачдын өдөр тохиож байна

Жил бүрийн 9 дүгээр сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдийг “Монголын барилгачдын өдөр” болгон тэмдэглэж ирсэнээс хойш 87 жил өнгөрч байна.  Барилгачдын өдрийн нээлтэнд Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа оролцож үг хэллээ. 

Тэрээр  ахмадууд, алдар гавьяатнууд, их бүтээн байгуулалтыг гардан гүйцэтгэж байгаа барилгын салбарын нийт ажилтан албан хаагчдад Барилгын салбар үүсч хөгжсөний 87 жилийн ойн баярын мэнд хүргэлээ.

Барилга, хот байгуулалтын яам салбарт тулгамдаж буй хууль эрх зүйн орчныг сайжруулах, хот суурин, шинэ суурьшлын бүс нутгийн төлөвлөлтийг боловсронгуй болгох, барилгын материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж барилгын үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, иргэдийг орон сууцаар хангах зэрэг бодлогын томоохон зорилтот асуудлуудыг шийдвэрлэхийн зэрэгцээ барилгын ажил үйлчилгээтэй холбоотой хүнд суртал, шат дамжлагыг бууруулах, төрийн бус байгууллагатай хамтран ажиллах асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.  

Салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож шинэчлэхээр одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиуд болон дүрэм журмын төслийг шинэчлэн боловсруулах, барилгын материалыг өөрийн эх орондоо үйлдвэрлэж, гол нэр төрлийн бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос хангах зорилгоор “Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр”-ийг батлуулж, урт хугацаатай, бага хүүтэй эргэлтийн хөрөнгийн зээлийг салбарын аж ахуйн нэгж байгууллагуудад олгоод байна.

Мөн Улаанбаатар хотын утааг багасгах, гэр хорооллыг дахин төлөвлөж суурьшуулах, орон сууцны хангамжийг дээшлүүлэхээр жилийн 8±1 хувийн хүүтэй, урт хугацааны ипотекийн зээлд иргэдийг хамруулах “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-ыг батлуулан ажилтай, орлоготой иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулж байна. Үүний зэрэгцээ Улаанбаатар хотын  орон сууцны шинэ 10 хороолол, гэр хорооллын 12 байршилд инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний ажил хийгдэхээр батлагдан барилгын ажил нь эрчимтэй хийгдэж байна. 

Барилгын салбарын эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажлыг зохион байгуулж хариуцаж ажиллах чиг үүрэг бүхий “Зураг төсөл, эрдэм шинжилгээний институти”-ийг шинэчлэн байгууллаа гэж Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа хэллээ.

Барилгачдын өдрөөр оны шилдэг аж ахуйн нэгжүүдийг шалгаруулж өргөмжлөл гардуулдаг юм.  Үүний дараа оны шилдэгээр шалгарсан аж ахуйн нэгжүүдийн тугийг Барилгачдын талбайд залах ёслол болдог байна. Оны шилдэг аж аж ахуйн нэгжүүдийн тугийг Барилгачдын талбайд нэг жилийн хугацаатай залж хүндэтгэл үзүүлдэг юм байна.

2013 оны Барилгын салбарын шилдгээр

Барилга угсралтын компаниудаас

“МАКС ӨРГӨӨ” ХХК

“ДЕЛЬТА КОНСТРАКШН”  ХХК

“БАГАНАТ ӨРГӨӨ ГРУПП” ХХК

“НАБСАН” ХХК

Зураг төслөөс:

“ЭН ЭЙ ПИ” ХХК

“КОН-ИНЖЕНЕРС” ХХК

Барилгын материал үйлдвэрлэгчдээс

“ОРГИЛ ЗУУРМАГ” ХХК

“НОГООН ГАЗАР” ХХК

“УЛААНБААТАР БҮК” ХК

Өргөх байгууламжаас

“ЦАМХАГ КОНСТРАКШН” ХХК тус тус шилдгээр шалгарч, салбартаа тэргүүллээ.

Уг арга хэмжээний дараа БХБЯ-ны удирдлагууд салбарын тэргүүний цол тэмдэгийг амжилт бүтээлээр бусдыгаа хошуучилсан барилгачиддаа гардуулан өглөө.

Эдүгээ 87 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа  Барилгачдын баярын энэ жилийн ёслолын арга хэмжээнд барилгын салбараас төрсөн “Мөнгөн харандаа” хамтлаг ая дуугаа өргөлөө.

 “Мөнгөн харандаа” хамтлаг тухайн үеийн Улсын барилгын Зургийн Төв Институт-ийн дэргэд 1983 онд байгуулагдсан байдаг.

Энэ жил 30 жилийн ой нь тохиож байгаа салбараас төрөн гарсан хамтлагийнхантай Барилгын хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв хамтран баярын  арга хэмжээний хүрээнд тоглолт зохион байгуулж байгаа юм.

Төрийн байгууллагуудын мэдээлэл