2018 онд Орхон аймагт улсын болон орон нутгийн төсвийн 22
тэрбум төгрөгөөр 120 гаруй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгдлээ.
Үүнээс зарим ажлыг онцлон хүргэж байна.
Цагаанчулуут багт 280 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо
Орон нутгийн төсвийн 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр Цагаанчулуут багт шинээр 280 хүүхдийн цэцэрлэг барьж ашиглалтад орууллаа. Тус цэцэрлэгт Цагаанчулуут, Рашаант, Уртынгол багийн хүүхдүүд суралцаж буй. Мөн 928 хүүхдийн багтаамжтай сургууль, Яргуйт, Баянбулаг, Булаг багт тус бүрт 150 хүүхдийн цэцэрлэг, 16 дугаар сургуулийн дэргэхэд спорт заал, 315 айлын түрээсийн орон сууцны барилгын ажлыг эхлүүлээ.
2000 гаруй иргэн түр болон байнгын ажлын байртай боллоо
Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар 2018 онд35-аас дээш насны хувиараа хөдөлмөр эрхлэгч 55 иргэнд 162 сая төгрөг, малчин 7 өрхөд малхудалдаж авахад нь зориулж 30 сая төгрөг, залуучуудын гарааны бизнесийг дэмжиж 5 иргэнд 40 сая төгрөг, 15-24 насны залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж 4 иргэнд 12 сая төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй 19 иргэнд 55 сая төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг, 5 ахмадад 15 сая төгрөг, зөвлөх үйлчилгээнд 29 ахмадыг хамруулж 13.4 сая төгрөг зарцуулж нийт 2000 гаруй иргэнийг түр болон байнгын ажлын байраар хангалаа.
“Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк” гагнуурын электрод үйлдвэрлэж 140 сая төгрөгийн ашигтай ажиллав
Аймгийн Засаг даргын санаачилгаар 2017 онд байгуулагдсан “Эрдэнэт Шинжлэх ухаан технологийн парк” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар энэ онд 50 орчим тонн гагнуурын электрод үйлдвэрлэж 140 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.Тус парк олсон ашгаа орон нутгийн бизнес эрхлэгч иргэн, ААНБ-уудад хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгохоор төлөвлөж байна.
“Эрүүл Эрдэнэт хүн” аян өрнөж байна
Орхон аймагт зонхилж буй ходоод, улаан хоолой, элэгний хорт хавдар болон бэлгийн замын халдварт өвчин, уушгины сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Засаг даргын ивээл дор “Эрүүл Эрдэнэт хүн” аяныг хэрэгжүүлж байна. Үүнд: 1.Элэгний хорт хавдарыг эрт үед нь илрүүлэх зорилгоор эрсдэлт бүлгийн 1000 хүнийг элэгний эхо үзлэг, оношилгоонд хамруулж элэгний хатууралтай 196 иргэнийг хяналтад авч үүнээс хорт хавдарын шинж илэрсэн 25 тохиолдлыг бүртгээд байна.
Хөдөө орон нутгаас Орхон аймаг анх удаа хүүхдийн эмнэлэгтэй болов
Улсын төсвийн 4 тэрбум 200 сая төгрөгөөр “Цомбон тоосго” ХХК-ийн гүйцэтгэлээр Орхон аймаг 50 ортой хүүхдийн эмнэлэгтэй боллоо. Зоорийн давхартайгаа нийлээд таван давхар уг барилга орчин үеийн техник, тоног, төхөөрөмжөөр бүрэн хангагдсан юм.
Монгол Улсаас Орхон аймаг анх удаа өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг судаллаа
Монгол Улсаас Орхон аймаг анх удаа “Сэтгэлийн анир” төслийн хүрээнд өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг судалж сэтгэл зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, сургалтад хамрууллаа. “Сэтгэлийн анир” төсөл 2017-2018 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 24 сургуулийн 8-12 дугаар ангийн 6000 гаруй сурагчдад сэтгэл зүйн зөвлөгөө мэдээлэл өглөө. Мөн Нийгмийн Эрүүл мэндийн төвд “Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв” нээж өсвөр насны хүүхдэд үнэ төлбөргүй үйлчилж байна.
Авто машины хөдөлгөөн ихтэй хэсгүүдэд шинээр зам барилаа
Энэ онд Орхон аймагт орон нутгийн төсвийн хөрөнгөөр шинээр “Баян” худалдааны төвөөс Сүмийн уулзвар хүртэлх 540 метр үргэлжлэх хатуу хучилттай авто зам, Уртын гол, Их залуу, Булаг багт нийтдээ 3 км үргэлжлэх сайжруулсан шороон замын ажил хийгдлээ. Хатуу хучилттай авто зам барихад 392.3 сая, сайжруулсан шороон зам барихад 70,7 сая орчим төгрөг тус тус зарцуулсан юм. Мөн 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр Цагаанчулуут баг буюу 7А хорооллын 2 эгнээ замыг 4 эгнээ болгон өргөтгөж явган зам, дугуйн замыг шинээр байгууллаа.
3.3 км үргэлжлэх үерийн усны суваг шинээр байгууллаа
Энэ онд орон нутгийн төсвийн 1 тэрбум төгрөгөөр Шанд багт 400 метр, Наран багт 700 метр, Рашаант багт 400 метр, Согоот, Бүрэнбүст багт 1411 метр, Булаг багт 338 метр буюу нийтдээ 3,3 км орчим үргэлжлэх үерийн усны бетонон сувгийг шинээр байгууллаа.
19 байршилд амралт чөлөөт цагийн талбай байгууллаа
“Чөлөөт цагийн талбай” дэд хөтөлбөрийн хүрээнд энэ онд орон нутгийн төсвийн 800 орчим сая төгрөгийн хөрөнгөөр 19 байршилд тоглоомын талбай болон сургууль, цэцэрлэгийн гадна тохижилтын ажил хийгдлээ. Уг ажлын гүйцэтгэгчээр 14 компани ажилласан бөгөөд эдгээр нь бүгд орон нутгийн аж ахуйн нэгжүүд юм.