“Эх барих эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, шинэлэг туршлага, тулгамдсан асуудал” зөвлөгөөн боллоо

Нэмэгдсэн: 2018-12-07

НЭМГ-ээс НҮБ-ын ХАС-тай хамтран “Эх барих эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн эрүүл  мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, шинэлэг туршлага, тулгамдсан асуудал”  зөвлөгөөнийг энэ сарын 05-ны өдөр зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд НҮБ-ын ХАС-ийн тэргүүн Каори Ишикава, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар,  ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын эх барих, эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга, ЭХЭМҮТ-ийн эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн захирал, нийслэлийн эх барих, эмэгтэйчүүдийн ерөнхий мэргэжилтэн, амаржих газар болон дүүрэг тосгоны ЭМТ-ийн дарга нар, эх барих, эмэгтэйчүүдийн ахлах эмч-нөхөн үржихүйн эрүүл мэндийн зохицуулагч, өрхийн менежер зэрэг нийт  60 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцлоо.

Зөвлөгөөний эхэнд НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар эх барих, эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй ажил, тулгамдаж буй асуудал, цаашдын зорилтын талаар танилцуулсан. Мөн энэ хүрээнд “Эх барих, эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдвээр Баянзүрх, Сонгинохайрхан болон алслагдсан  дүүргийн ЭМТ-ийн дарга нар илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Амгалан, Өргөө амаржих газраас эмэгтэйчүүдийн мэс засал болон нярайн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлсэн дэвшилтэт технологи, түүний үр дүнгийн талаар туршлагаа хуваалцлаа.

Оролцогсод эх барих эмэгтэйчүүд, нярайн эрүүл мэндийн талаарх тулгамдсан асуудлыг бодлогын түвшинд, дүүрэг болон ӨЭМТ-ийн түвшинд, амаржих газрын түвшинд хийж хэрэгжүүлэх ажлуудын чиглэл бүхий зөвлөмжийн төсөл боловсруулсан юм. Ийнхүү  эх, нярайн тусламж, үйлчилгээнд тулгамдсан асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон чухал ач холбогдолтой зөвлөгөөн боллоо.

Төрийн байгууллагуудын мэдээлэл