Уртын урт тээврийг цуцаллаа

Нэмэгдсэн: 2018-11-28

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр боллоо.

Уртын урт тээврийг цуцаллаа

Тавантолгойгоос Гашуунсухайт, Ганцмод боомтын чиглэлийн уртын урт тээврийг цуцалж, урт-богино болголоо. Ингэснээр 137 км урт дараалалд зогсож байгаа жолооч нар нүүрсээ Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд буулгаад буцах юм. Дотоодод нэмүү өртөг үлдэж, жолооч нар хилээр гарах гэж 14 хоног автомашиндаа амьдардаг байдал ч арилна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх жолооч нарынхаа цалинг нэмэхийг нүүрс тээврийн 161 компанийн удирдлагуудаас хүслээ. 

Цаашид төмөр зам, автозам, жолооч нарт зориулсан 2500 машин зогсох талбайтай, амрах өрөө бүхий цогцолборын ажлыг эрчимжүүлэх, эрүүл мэндийн явуулын үйлчилгээг тогтмолжуулахаар боллоо.

Салбарын яам тээврийн хэрэгслийн дарааллыг буруулах зорилгоор автозам ашиглах тухай “Оюутолгой” компанид хандсан байна. Энэ дагуу Цагаанхад хүртэл нүүрс тээврийг гашуунсухайт автозамын эсрэг урсгалын хөдөлгөөнийг хааж, 1700 гаруй тээврийн хэрэгслийн ачааг Цагаанхаданд буулгажээ. Хоосон тээврийн хэрэгслийг “Оюутолгой” компанийн замаар буцаасан байна. Автотээврийн үндэсний төвөөс өгсөн чиглэлийн дагуу тээврийн компаниуд жолооч нараа хоол хүнс, дулаан хувцас, түлш, бусад шаардлагатай зүйлээр хангаж байна. 

Монгол Улс, БНХАУ хооронд нүүрс тээвэрлэх зөвшөөрөлтэй буюу С зөвшөөрөл авсан 6781 тээврийн хэрэгсэл байдаг. Хилээр гарахгүйгээр тээвэр хийдэг хэрэгслийг оруулбал 13079 автомашин нүүрс тээвэрлэж байгаа бөгөөд 13 мянган жолооч ажиллаж байна.

168 өрхөд гэр олгоно

  Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймагт хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 168 өрхөд улсын нөөцөөс гэр олгохоор боллоо. Дээрх иргэд одоогоор түр байр, сургуулийн дотуур байр, хамаатан, ах дүүгийндээ амьдарч байна.

Мөн “Баруун бүсийн эрчим хүчний систем” компанийн 110 кВ, 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гарсан гэмтлийг засах, аваарын нөөц бүрдүүлэх зэрэгт шаардагдах нийт нэг тэрбум 427 сая гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.

Товч мэдээ

-  Монгол Улсын Засгийн газар, АНУ хооронд байгуулсан Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Компакт гэрээний дагуу манай улс Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 350 сая ам.долларын буцалтгүй тусламж авах болсон юм.

-   “Галын аюултай бүтээгдэхүүн, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийг улсын хилээр нэвтрүүлэх болон үйлдвэрлэх, борлуулах, тээвэрлэх, хадгалах, устгах журам”-ыг баталлаа.

-  Дэлхийн шуудан холбооны дүрмийн Есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл