Ирэх оны үндсэн чиглэлийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлэг боллоо

Нэмэгдсэн: 2018-10-31

НИТХ-ын ээлжит XIX хуралдаан өнөөдөр болж өнгөрлөө. Хуралдаанаар нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2018 оны хэрэгжилтийн явц болон 2019 онд Улаанбаатарын эдийн засаг, нийгмийг хэрхэн хөгжүүлэх талаарх үндсэн чиглэлийн төслийг нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан танилцуулсан.

Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэх үеэр НИТХ-ын төлөөлөгчдийн гаргасан санал, байр суурийг хүргэж байна.

Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай

НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа: 2019 оны үндсэн чиглэлийн төсөлтэй холбогдуулан хэлэх хэд хэдэн санал байна. Нэгдүгээрт, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, ялангуяа төрийн анхан шатны үйлчилгээ болох хороо, хэсгийн цагдаа, өрхийн эмнэлгийн үйлчилгээг иргэдэд ойртуулах шаардлагатай байна. Баянгол дүүргийн 1, 3, 4, 5, 6, 7, 8, 20 гэсэн найман хороог нутаг дэвсгэрийн хувьд зохион байгуулалтыг нь өөрчилж хороог шинээр хуваах шаардлага тулгараад байна. Энэ талаар судалгаан дээр суурилсан хүсэлтээ дүүргийн ИТХ-аас НИТХ болон хотын даргад өгсөн. Энэ асуудлыг шийдэж өгөөч гэсэн саналыг миний зүгээс гаргасан. Асуудлыг дахин тавимаар байна. Үндсэн чиглэлийн 5.2.33-т нэмж дүүргийн хороог хуваах, нутаг дэвсгэрийг зохион байгуулах, шинээр хороо байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх гэсэн ажлыг нэмж оруулан санал хураалгаж өгнө үү.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотголоо 2013 онд УИХ-аар батлуулсан. Удахгүй 2020 он боллоо. Энэ хуулийн хэрэгжилт ямар түвшин явж байгаа талаар тодорхой дүн шинжилгээ хийх шаардлагатай.

Хүүхдийн зуслангууд нурсан балгас шиг болсон байна

НИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргал:Боловсролын салбарын хүний хувьд хүүхдийн хөгжлийн талаар хэдэн зүйл хэлмээр байна. Хүүхдийн хөгжил сүүлийн жилүүдэд хаягдаад, хүүхэд хамгаалал, хүүхдийн эрх, хүүхдийн аюулгүй байдал, хүүхдийн хүчирхийлэл гэдэг зүйлээр төлөвлөгддөг болчхоод байна. Өнгөрсөн жил хүүхэд хамгааллын чиглэлээр 5 тэрбум төгрөг хуваарилсан. Монгол Улсын нийт хүүхдүүдийн 50 хувь нь нийслэлд амьдарч байна. Засгийн газраас хуваарилж байгаа хүүхэд хамгааллын чиглэлийн мөнгө, санхүүжилтийн 50 хувийг нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, нийслэлийн Засаг даргын орлогч нар нь хариуцаж зарцуулах хэрэгтэй байна. Хүүхдийн хамгаалал, аюулгүй байдлыг яриад байна. Наад захын жишээ татахад. Хүүхдийн зуслангийн ойр орчимд амралтын газрууд бий болсон. Үүнийгээ дагаад архидалт маш их болсон. 2010 онд хүүхдийн зуслангийн бүсийн стандарт батлагдсан. Үүнийг баримталж байгаа газар үгүй. Нийслэлийн хөдөлмөрийн бирж дээр 8000 гаруй ажлын байр байгаа ч орох боловсон хүчин байхгүй талаар ярьж байна. Тийм учраас боловсролын дэд бүтцийг хөгжүүлэх, дүүргүүдийн соёл спортын ордныг өргөтгөх, номын сан бий болгох зэрэг чиглэлээр холбогдох хүмүүс нь анхаарал тавьж ажилламаар байна.

22 хороонд сургууль цэцэрлэг барих асуудлыг нэгдүгээрт тавиарай

НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг:Боловсролын салбар дээр санал хэлэхэд 152 хорооноос 22 нь цэцэрлэггүй байна гэсэн. Нийслэлээс 50 гаруй цэцэрлэг барьж байгаа гэлээ. Үүнээсээ 22 хороондоо яагаад барьж болоогүй юм бэ. Яагаад гэхлээр газрын асуудал ярьдаг. Энэ асуудлыг бодолцож сургууль, цэцэрлэггүй хороонд газар чөлөөлөх мөнгөнөөсөө хуваарилж дээрх 22 хороонд сургууль цэцэрлэг барих асуудлыг нэгдүгээрт тавиарай.

Нийтийн тээврийн салбар үнэхээр дампуурсан. Энэ салбарыг хариуцаж байгаа хүмүүст нь хариуцлага тооцохгүй байна. Хариуцлага тооцохгүй болохоор энэ хүмүүсийн ажил сайжрахгүй байна гэдгийг миний бие өнгөрсөн жилийн үндсэн чиглэл хэлэлцэхэд хэлж байсан. Бүх шатандаа хариуцлага тооц. Хангалттай хугацаа өнгөрч байна. Ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүс сайн дураараа ажлаа өгсөн нь дээр.

Төрийн албаны бүтцийг оновчтой болгоно гэсэн заалтууд тавиад ажиллаж байна. Эхний ээлжинд есөн дүүрэг есөн орлогчтой байх ажлыг хий. Нийслэлийн харьяа агентлагуудад олон орлогч байх шаардлагагүй. Нэг нэг орлогчтой болгох бүтцийн зохион байгуулалтаа хий.

Хүүхдийн асуудал дээр Засгийн газраас 5 тэрбум төгрөг тавьсны 90 хувь нь сандал ширээ, тохижилтод зарцуулсан сураг байсан. Иймэрхүү маягаар хүүхдэд мөнгө тавьсан нэр зүймээргүй байна. Бодит үйл ажиллагаа явуулах мөнгийг тавьж өгөөч гэж хүсмээр байна.

Явган хүний зам чөлөөлөх ажил маш сайн яваа нь сайшаалтай

НИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа:Сүүлийн үед явган хүний зам чөлөөлөх, зөрчилтэй байгаа газрын зөвшөөрлийг цуцлах ажил маш сайн явж байна. Хийе гэвэл болдог юм байна гэж үнэлж байна. Ялангуяа Хан-Уул дүүрэгт нийслэлийн эзэмшлийн газаргүй болчихсон. Үүнтэй уялдуулаад нэг санал байна. Богд хааны музейн тусгай хамгаалалтын төвд газрын эрхийг нь цуцалсан 1.6 га газар байна. Энд Хан-Уул дүүргийн төдийгүй нийслэлийн иргэд очиж чөлөөт цагаа өнгөрүүлдэг цэцэрлэгт хүрээлэн байгуулах саналыг тусгуулмаар байна. Цаашдаа зөвшөөрлийн дагуу бүтээн байгуулалт нь явагдаагүй байгаа газрын мэдээллийг төлөөлөгчид маань гаргуулж аваад, тойрогтоо ажилламаар байна. Өрхийн эмнэлэг, цэцэрлэг зэрэг нийгмийн байгууламж барих боломж үүсэх юм. Мөн төрийн албан хаагчдаа чадавхжуулъя.

Дүүрэг бүрт нэг дэд бүтцийн төв байгуулья

НИТХ-ын төлөөлөгч Б.Отгонсүх: Сонгинохайрхан дүүрэг бол алслагдсан, дэд бүтэц муутай хүн амын тоогоор нэлээн дээгүүрт ордог дүүрэг. Тиймээс 20198 оны үндсэн чиглэлийн 2.34-т байгаа дундын бүсийн гэр хороололд хэсэгчилсэн инженерийн хангамжийг нэвтрүүлэх, дэд бүтцийн 5 төв байгуулах юм байна. Энэ төвийг нэмэгдүүлж 9 дүүрэгт нэг нэгийг хийвэл боломжтой талаар судалж өгөөч гэдэг санал хэлье.

Хүн ам ихтэй хороогоо хуваах асуудлыг үндсэн чиглэлд тусгаж өгөөч

НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатар: Нарантуяа төлөөлөгчийн саналыг дэмжээд Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг, мөн дүүргүүдэд байгаа хороодыг хуваах асуудал байна. Сүхбаатар дүүрэгт 16-р хороог хуваах асуудал байгаа. Асар их хүн амтай. Үүнийг шийдвэрлэх асуудлыг энэ зорилт дээр тусгаж өгөөч. Төлөөлөгч хүн ард түмний саналыг хэрэгжүүлнэ, хувийн эрх ашгийн тухай юм ярихгүй. Бидний саналд зохих журмын дагуу хариулт өгөөч. BRT төсөл үнэхээр явахгүй байгаа бол чиглэлийг нь өөрчилж юм уу, хасах талаар саналаа оруулах хэрэгтэй. Төслөө хэрэгжүүлэх чиглэлээ тодорхойлъё. Автобусны эцсийн зогсоолгүй болсон. 6 байрыг манайд өгсөн. Тэднийг хангалттай гайгүй гээд авч явж байна. Эцсийн зогсоолыг бий болгохгүй бол жолооч үйлчлэгч нарт хүндрэлтэй байна. Тэднийг тохижуулах асуудал дээр анхаарал тавиач. Хэдэн эцсийн зогсоолтой байх юм, тодорхой болгомоор байна. Нийтийн тээврийн техник үзлэг оношлогооны төвийг барилгатай болгох шаардлагатай юу. Түрээслээд болоод байгаа нөхцөлд 850 сая төгрөгийг нь тулгамдсан асуудал зарцуулбал ямар вэ? Манай төрийн өмчит компанийн засвар үйлчилгээний станцыг сайжруулах, засварчдад багаж орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах хэрэгтэй байна. Багаж нь элэгдэлд орсон, орчин үеийн тоног төхөөрөмжгүй байхад бид засвар үйлчилгээ үзүүл гэж шаардах боломжгүй байна. Ялангуяа 3-р баазад юу ч байдаггүй. Тэгэхээр тэр мөнгийг энэ 3 баазад хуваарилан тавьж өгөөч гэдэг санал оруулж байна.

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хийх хэрэгтэй

НИТХ-ын төлөөлөгч Б.Цолмон: Баянхошуу, Сэлбэ дэд төв Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж байгаа. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж байгаа ажлууд барьж гүйцэтгээд 60-70 хувьтай болно гэж байна. Тэгэхээр надад ийм санал байна. Энэ асар их хэмжээний хөрөнгө оруулалт орсон, нийслэлээс тодорхой хэмжээний хөрөнгө гарсан, хийгдэж байгаа дэд бүтцийн ажлуудын газар чөлөөлөлт 95 хувь хүртэл нь хийчихсэн байна Газрын алба. Одоо барилга баригдах ёстой. Тэгэхээр барилгын зураггүй гэж суухаар ирэх жил НОСК-аар барилгын зургийг хийлгэе гэсэн санал оруулж байна. Би төсөл санхүүгийн хороонд энэ саналаа өгсөн. Мөн бүлэг дээр ч өгсөн. Одоо чуулган дээр саналаа өгч байна. Мөн нийтийн тээвэрт тулгамдсан асуудлын талаар хэлмээр байна. 2021 он гэхэд нийтийн тээвэрт одоо явж байгаа нийт автобуснуудын 80 хувь нь актлагдана. Агаарын бохирдол яриад байдаг. Бид нэг моторыг нь солиод аргацаагаад явуулаад байна. Энэ их хүндрэлтэй. Хөрөнгө оруулалт, парк шинэчлэлтийн асуудлыг оруулж өгөөч. Дотоод нөөц бололцоогоо хангана гэсэн зүйл заалт оруулж өгөөч гэж хүсч байна. Нийгмийн захиалгатай салбар. Түлшний үнэ нэмэгдсэн үед ингээд яваад байдаг. Энэ салбарыг харж үзмээр байна.

Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг хуваах цаг болсон

НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар: Баянзүрх, Сонгинохайрхан гээд баруун зүүн бүсэд 2 том дүүрэг байна. Баянзүрх дүүрэг гэмт хэргийн гаралтаар нийслэл, улсад дээгүүрт орж байна. Эрүүл мэндийн эмнэлгээ менежментийн өөрчлөлтөөр явуулчихсан. Баянзүрх дүүрэгт хүндрэлтэй асуудал их байна. Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг хуваах цаг болсон. Энэ асуудлыг ажил хэрэг болгож үндсэн чиглэлдээ оруулж, хуваах ажлыг ирэх онд хийх нь зүйтэй гэж бодож байна. Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны дахин төлөвлөлтийн асуудал байна. Энэ ажил байршил сайтай газруудад ахиц сайн байна. Байршилд газар багатай, давчуу газарт олон зарлаад үр дүн муутай байна. Ерөнхий төлөвлөгөөний журмаар олон удаа зарлаад яваад байдаг, дараа нь давуу тал нөхцөл бололцоог олгож өгөхгүй болохоор ашиггүй төсөл дээр компаниуд орохгүй байна. Тийм болохоор тухайн журамд өөрчлөлт оруулах байдлаар ажлыг явуулахгүй бол улсын төсөвт ямар нэг байдлаар мөнгө суух боломжгүй байна. Дахин зарлахад компаниудад давуу боломж олгох бололцоог олгож өгөөч гэсэн саналтай байна.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл