Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Комиссын XV хуралдаан болов

Нэмэгдсэн: 2018-09-19

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Комиссын  XV хуралдаан 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Бээжин хотноо амжилттай болж өндөрлөв. Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдийг Комиссын Монголын хэсгийн дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын төлөөлөгчдийг Комиссын Хятадын хэсгийн дарга, Худалдааны сайд Жун Шань нар тэргүүлж, хуралдааныг хамтран даргаллаа.

ЗГХК-ын ээлжит хуралдаанаар Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тодорхой асуудлуудаар санал солилцож зарим тохиролцоонд хүрэв. Талууд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт гүнзгийрэн хөгжиж, хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлалуудын үеэр ярилцаж тохиролцсон олон чухал төсөл, арга хэмжээ урагшлан хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид хоёр талын харилцаа холбоог бэхжүүлж, хамтын ажиллагааны тодорхой асуудлуудыг урагшлуулахын тулд бүх түвшинд нягт хамтран ажиллахаар тохиров.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх тодорхой саналууд дэвшүүлснийг хятадын талаас дэмжиж буйгаа  илэрхийлэв.

Хоёр улсын худалдааны эргэлтийг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг биелүүлэхийн тулд худалдааны бүтцийг шинэчлэх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэх саналыг манай талаас тавив.

“Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд “Эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Ерөнхий хэлэлцээр”-ийг аль болох эрт байгуулахын төлөө байгаагаа монголын тал илэрхийлэв. Мөн хоёр улсын тэргүүн нарын Владивостокт хийсэн уулзалтаар ярилцсан байгалийн хийн шугам тавих төсөл, Азийн супер сүлжээ гэх мэт бүс нутгийн томоохон төслүүдэд хамтран ажиллах санал дэвшүүлэв.

Дэд бүтэц, төмөр зам, авто замын төслүүдэд хөрөнгө оруулалт, санхүүжилт хийх зэргээр хамтран ажиллах, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, боомтын хүчин чадлыг сайжруулах болон статусыг нь дээшлүүлэх зэрэг чиглэлээр хоёр талын мэргэжлийн байгууллагууд хоорондын хэлхээ холбоог гүнзгийрүүлэн ажиллахаар болов.

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад олгож буй буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд тустай “1008 айлын орон сууцны хороолол” төсөл болон хотын дэд бүтэц, хилийн боомтын дэд бүтцийг сайжруулах төслийг хэрэгжүүлэхэд талууд өндөр ач холбогдол өгч, аль болох эрт бодит ахиц гаргахаар тохиролцов. Мөн 2018-2020 онд Монгол Улсад үзүүлэх буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төслийн төлөвлөгөөг гаргаж ажиллах саналыг дэвшүүлэв.

Хятадын талаас олгосон хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх зарим төслүүдийн хэрэгжилтийг хурдасгах талаар ярилцав. Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын өргөтгөл, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслүүдийн холбогдох баримт бичгийг байгуулах, ойрын хугацаанд хэрэгжүүлэх саналыг монголын талаас тавив.

Энэ удаагийн хуралдааны үеэр Хятадын Засгийн газраас олгосон хөнгөлөттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 км автозам барих” төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

“Монгол-Хятадын ЭКСПО” арга хэмжээний хамрах хүрээг өргөжүүлэх, хил залгаа муж болон өөртөө засах оронд энэ төрлийн үзэсгэлэн яармагийг тогтмол зохион байгуулж, бүс нутгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тогтов.

“Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр тохиролцсон 3 төслийг аль болох эрт хэрэгжүүлж эхлэх саналыг монголын талаас дэвшүүлэв. Энэ хүрээнд уг жагсаалтад тусгагдсан Азийн авто замын сүлжээний АН-3 буюу Улаан-Үд-Алтанбулаг- Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн хурдны авто замын төслийг хамтран хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулах санал тавив. Саяхан талууд “Монгол-Хятад-Орос гурван улсын Эдийн засгийн коридорын хамтарсан механизм байгуулах тухай Санамж бичиг”-т гарын үсэг зурсанд баяртай байгаагаа илэрхийлж, тодорхой ажлуудыг эхлүүлэх үүднээс гурван талын ажлын хэсгийн дарга нарын уулзалт, эсвэл шинжээчдийн түвшний уулзалтыг Улаанбаатар хотноо ойрын хугацаанд зохион байгуулах санал тавив.

Хоёр талын худалдааны хэмжээ, төрлийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Монгол-Хятадын Экспо” болон бусад үзэсгэлэн, форумын арга хэмжээг илүү олноор зохион байгуулахаар тохиролцов. Чингэхдээ холбогдох төлөвлөлт, бэлтгэлийг эртнээс хангах замаар эдгээр арга хэмжээг илүү үр дүнтэй зохион байгуулахад хамтран ажиллахаар тогтов.

Талууд хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг идэвхтэй дэмжиж, цаашид Монгол Улсаас БНХАУ руу мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Хятадын тал Монгол Улсаас БНХАУ-д экспортлох хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх боломжийг нэмэгдүүлэх хүрээнд рапс, хивэг, хөх тарианы гурил экспортлох аж ахуйн нэгжүүдэд эрсдэлийн үнэлгээ хийх, адууны мах болон боловсруулсан махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох аж ахуйн нэгжүүдийг хянан магадлах ажлын хэсгийг ирүүлэхээр болов. Мөн дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж болон адууны мах боловсруулах аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийх мэргэжлийн баг ойрын үед Монгол Улс руу илгээхээр болов.

Монгол, Хятадын ЗГХК-ын хуралдааны дүнгээр талууд Протокол үйлдэж Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, БНХАУ-ын Худалдааны сайд Жун Шань нар гарын үсэг зурав.гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ 

Төрийн байгууллагуудын мэдээлэл