Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүний эрхийн үндэсний комисстой хамтран Монгол улсад хүүхдийн эрх, хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, түүнийг даган гарсан дүрэм журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийгмийн ажлын үйлчилгээний арга зүй, хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн тулгамдсан асуудлыг илрүүлж, зөвлөгөө өгч холбон зуучлах чадвар дадлыг эзэмшүүлэх, хүүхдийн эрх, хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэх зэрэг сэдвээр сум, хороо, сургуулийн нийгмийн ажилтнуудыг чадваржуулах сургалтыг зохион байгуулж байна.
Уг сургалтад Нийслэлийн 9 дүүргийн 238 сургууль, 152 хорооны 390 нийгмийн ажилтан, орон нутгийн бүсчилсэн сургалтыг 5 аймагт зохион байгуулж 260 нийгмийн ажилтан, мөн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 50 нийгмийн ажилтан хамруулж байна.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хийсэн нийгмийн ажилтны сургалтын хэрэгцээ тодорхойлох судалгаанд 1788 нийгмийн ажилтан хамрагдсанаас 37.2 хувь нь мэргэжлийн нийгмийн ажилтан, 1.7 хувь нь сэтгэл зүйч мэргэжилтэй байгаа бөгөөд сум, хорооны гурван нийгмийн ажилтан тутмын нэг нь эхний жилдээ энэ чиглэлээр ажиллаж байна.