Шадар сайд Ө.Энхтүвшин Жэжүгийн форумын нээлтэд үг хэллээ

Нэмэгдсэн: 2018-06-27

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин энэ сарын 26-28-нд “Азийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө: Шинэ гарц, шийдлийн эрэлд“ сэдвээр БНСУ-д зохион байгуулагдаж буй Жэжүгийн13 дугаар форумд оролцож байна. Тэрбээр өнөөдөр (2018.06.27) тус форумын нээлтэд үг хэллээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин үгийнхээ эхэнд энэ удаагийн форум Солонгосын хойгт нааштай эерэг чиг хандлага гарч, бүс нутгийн аюулгүй байдлын ойрын ирээдүйн болон хэтийн төлвийн талаар өөдрөг уур амьсгал бүрэлдэж буй чухал цаг үед болж байгааг онцлон баяр хүргээд,  Монгол Улс бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, итгэлцлийг бэхжүүлэх, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн яриа хэлэлцээг цаашид ч дэмжихийг илэрхийлэв.

Түүнчлэн Шадар сайд “Ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлстэй, бүс нутгийн чухал түнш, “гуравдагч хөрш”-ийн нэг БНСУ-тай хөгжүүлж буй Иж бүрэн түншлэлийн харилцааг цаашид хоёр талын хамтын ажиллагаа төдийгүй бүс нутгийн хүрээнд идэвхжүүлэхийг зорьж байна. Зүүн хойд Ази, Солонгосын хойгийг алс хэтдээ Ази, Номхон далайн хөгжил цэцэглэлтийн чухал төв болно гэж бид төсөөлөн харж байна. БНСУ бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн интеграцыг дэмжсэн санал, санаачилгуудыг дэвшүүлж ирсэн. Тухайлбал, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-ий “Шинэ Умардын бодлого”-ыг бид ирээдүйтэй, бүс нутгийн интеграцийг хөгжүүлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна. Нэн тэргүүнд, эрчим хүчний салбарт хоёр талын болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэр дундаа Азийн супер сүлжээ байгуулах чиглэлээр сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах нөөц боломж бидэнд бий” хэмээв.

Жэжүгийн форум нь Ази, ялангуяа, Зүүн Азийн аюулгүй байдал, олон талт хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар 70 гаруй орны улс төр, эдийн засаг, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, эрдэмтэн судлаачид хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцдог олон талт яриа хэлэлцээний талбар юм.


БНСУ-ын Ерөнхий сайдтай уулзлаа

Шадар сайд Ө.Энхтүвшин хэд хэдэн ажил хэрэгч уулзалтуудыг хийлээ.  БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ентай уулзаж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д айлчлах үеэр хийсэн яриа хэлэлцээгээр тохирсон хоёр улсын хамтын ажиллагааны асуудлууд амжилттай хэрэгжиж буйд сэтгэл хангалуун байгааг нь уламжлав. Мөн БНСУ-ын парламент дахь Солонгос, Монголын бүлгийн дарга Кан Чан Илтэй уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хөгжлийг эрчимжүүлэх талаар санал солилцов.

Түүнчлэн Жэжүгийн их сургуулийн ерөнхийлөгч доктор Сёк Ён Сонтой уулзах үеэрээ монгол оюутнуудыг тэтгэлгээр сургах боломжийн талаар ярилцлаа. Шадар сайд Ө.Энхтүвшин Зүүн хойд Азийн сангийн ерөнхийлөгч доктор Ким До Хюнтай мөн уулзсан юм. Хоёр улсын эрдэм шинжилгээний байгууллага түүх судлалын чиглэлээр хамтран ажиллах, эрдэмтэн судлаачдаа солилцох зэрэг сэдвээр ярилцсаны гадна Шадар сайд Ө.Энхтүвшин эрт үеийн хадны зураг судлалыг хөгжүүлэхэд хоёр тал харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг санал болголоо гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.   


Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл