Шэньян хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нэмэгдсэн: 2018-06-18

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан Шэньян хотын Ардын засгийн газрын Нарийн бичгийн орлогч дарга Жун Юншэнг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд Монгол Улс, БНХАУ-ын сайн хөршийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж шинэ утга агуулгаар баяжиж байгаад бид баяртай байдаг. БНХАУ нь манай улсын худалдааны хамгийн том түнш, хамгийн том хөрөнгө оруулагч юм. Өнгөрсөн оны байдлаар манай улсын гадаад худалдааны хэмжээ 10 тэрбум ам.доллар байсны 63 хувь нь буюу 6.5 тэрбум ам.доллар нь БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж байна. Түүнчлэн БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотод зам, гүүр, сургууль, цэцэрлэг зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд амжилттай хэрэгжиж байгааг дурдахад таатай байна. Улаанбаатар, Шэньян хотууд нь Дэлхийн өвлийн хотуудын дарга нарын холбооны гишүүн хотууд. Газар зүйн байрлал, цаг агаарын хувьд хоёр хот ижил төстэй бөгөөд харилцан бие биеэ нөхөх, туршлага судлах, хамтран ажиллах боломжууд их байгаа гэж бодож байна. Энэ оны 01 дүгээр сард Япон Улсын Саппоро хотод болсон Дэлхийн өвлийн хотуудын дарга нарын холбооны Ажлын хэсгийн хуралдаанд НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд оролцсон. Дараагийн ээлжит хотын дарга нарын 18 дахь удаагийн форум Шэньян хотод 09 дүгээр сарын 12-14-ний хооронд зохион байгуулагдах талаар мэдээллийг авсан байгаа. Улаанбаатар хот энэ хуралд төлөөлөгч оролцуулж, туршлага судалж, Та бүхэнтэй хамтран ажиллах болно” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл