Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Тээврийн сайдыг хүлээн авч уулзав

Нэмэгдсэн: 2018-06-08

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрих тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

ОХУ-ын шинээр байгуулагдсан Засгийн газарт Тээврийн сайдаар томилогдсонд нь Ерөнхий сайд баяр хүргээд “Монгол, Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэв.

 Хоёр орны хооронд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжиж, худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв.

Цаг гарган хүлээн авч уулзаж байгаад нь Монгол Улсын Ерөнхий сайдад ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрих талархал илэрхийлэв. Тэрээр Ерөнхий сайдтай санал нэг байгаагаа хэлээд зам, тээврийн салбарын хамтын ажиллагаа хоёр орны харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг тэмдэглэлээ.

Цаашид төмөр замын дэд бүтэц барьж байгуулах, “УБТЗ” нийгэмлэгт өргөтгөл, шинэчлэл хийх нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл