Шадар сайд Ө.Энхтүвшин: Монгол, Орос хамтран ажиллах шинэ боломжуудыг нээж, илүү үр ашигтай арга хэлбэрийг сонгох шаардлагатай

Нэмэгдсэн: 2018-06-07

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр (2018.06.07) Улаанбаатар хотноо эхэлсэн “Монгол, Оросын санаачилга 2018” нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй Монгол, Оросын хил орчмын мужуудын хамтын ажиллагааны чуулганыг нээлээ. Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргын хувьд Шадар сайд Ө.Энхтүвшиний хэлсэн үг чуулганд оролцогчдын анхаарлыг ихээхэн татав.

Монгол Улс, ОХУ-ынбүс нутаг, хил орчмын муж, аймгууд манай хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд онцгой байр суурь эзэлдгийг Шадар сайд Ө.Энхтүвшин тэмдэглэхдээ бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид улам эрчимжүүлэх, тогтвортой хөгжүүлэх сонирхол, хүсэл тэмүүлэл байгаа хэдий ч манай хоёр орон эдийн засгийнөргөн нөөц бололцоогообүрэн дүүрэн ашиглахгүй байгааг онцоллоо.

Шадар сайд Ө.Энхтүвшин “Манай хоёр орны худалдааны эргэлт өнгөрсөн онд нийт 1 тэрбум 285 сая ам.долларт хүрч, 2016 оныхтой харьцуулахад 37 хувиар өссөн боловч хоёр талын худалдаан дахь тэнцвэргүй байдал хадгалагдсаар байна. Монгол Улсаас ОХУ-руу чиглэсэн экспортын хэмжээ 67.6 сая доллар байсан бол ОХУ-аас Монгол руу чиглэсэн экспортын хэмжээ 1 тэрбум 217 сая долларт хүрсэн. Монголын экспортын хэмжээ манай хоёр орны нийт худалдааны эргэлтийн 3 хувийг эзэлж байгаа нь чамлахаар тоо юм. Тиймээс бид шинэ боломжуудыг эрэлхийлж, худалдааны тэнцвэрийг бий болгохын тулд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны шинэ төсөл, хөтөлбөрүүдийг тодорхойлж, хамтын ажиллагааны илүү үр ашигтай арга хэлбэрийг сонгоход онцгой анхаарах шаардлагатай байна” гэж хэллээ.

Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргын хувьд Шадар сайд Ө.Энхтүвшин хоёр талын анхаарах чиглэлийг дараах байдлаар тодорхойлов. Тэрбээр “Манай улсын хувьд хил орчмын аймгууд үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийхээ төрлийг нэмэгдүүлж, экспортын баримжаатай үйлдвэрлэлийг хөгжүүлснээр хөрш орны болон Евразийн эдийн засгийн холбооны зах зээлд нэвтрэхэд чиглэсэн шинэ арга барилаар ажиллах шаардлагатай байна. Харин Оросын мужуудын хувьд Монголын чөлөөт бүсүүдийг түшиглэн өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Европын холбоо болон Япон улсын зах зээлд хөнгөлөлттэйгөөр нийлүүлэх, Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридорын хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын транзит тээврийн боломжуудыг ашиглан дэлхийн зах зээлд гарах өргөн боломжууд байна” гэв.

Ийнхүү Шадар сайд Ө.Энхтүвшин тус чуулганыг албан ёсоор нээмэгц Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Монгол, Оросын хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр хийгдэж буй ажлын тухай танилцуулгаа эхэллээ. Түүний дараа Монгол Улс дахь ОХУ-ын Худалдааны төлөөлөгч М.В.Васильев Монгол Улсад хэрэгжүүлж буй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр баримталж буй ОХУ-ын бодлогын талаар, Шадар сайдын зөвлөх Ц.Ганболд “Монгол Улсын Чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын боломжууд” сэдвээр илтгэл тавих юм.

Монгол, Оросын хил орчмын мужуудын хамтын ажиллагааны чуулганд хилээр холбогдсон Монголын 9 аймаг, ОХУ-ын 6 муж, хязгаар болон бусад орон нутгийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн нь эдийн засаг, хөрөнгө оруулалтын боломжуудын талаар санал бодлоо солилцох бодит сонирхол байгааг тодоор харууллаа. Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Дорнод, Завхан, Дархан-Уул, Хэнтий, Баян-Өлгий аймаг, ОХУ-аас Бүгд Найрамдах Буриад Улс, Бүгд НайрамдахТува Улс, Эрхүү муж, Забайкальск хязгаарын засаг захиргааны төлөөлөгчид өөрсдийн орон нутгийн талаар танилцуулж, чуулганы төгсгөлд нээлттэй хэлэлцүүлэг явуулна гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл