Хөөтийн уурхайгаас жилд 7-10 сая тонн нүүрс олборлож, борлуулахаар төлөвлөж байна

Нэмэгдсэн: 2018-05-08

Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Хөөтийн уурхайтай УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй албаныхан энэ сарын 6-ны өдөр танилцсан юм. Уурхайд геологи хайгуул, уул уурхайн ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай “Буман- Олз” ХХК ажиллаж байна. 2009 оноос хойш хөрс хуулалт, нүүрс олборлолт хийж байгаа тус компани ил уурхайн аргаар ашиглаж болох 11.1 сая тонн нүүрсний батлагдсан нөөцтэй аж. Өнгөрсөн жилийн байдлаар нийт 126.1 мянган тонн  нүүрс олборлож, үүнээс 93.8 мянган тонныг нь БНХАУ руу экспортолж, үлдсэнийг нь дотоодын хэрэгцээнд нийлүүлжээ.  

“Буман- Олз” ХХК-ны лицензийн талбайд лити зэрэг ховор элементүүд илэрсэн тул геологийн ажлыг эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа захирал Д.Цогтжаргал хэлж байв. Мөн тэрбээр “Матад сумын төвөөс 40 км зайд манай уурхай байрлаж багаа тул сумыг шинээр төлөвлөн, барьж байгуулах ажлыг бүрэн дэмжиж байгаа. Төрөөс ямар шийдвэр гарна бид түүнийг дагах болно” гэлээ. Сайд Д.Сумъяабазарын зүгээс Матад сумыг жишиг сум болгон хөгжүүлэх боломжтой талаар хэлсэн юм.

Монгол УИХ-ын 2010 оны 32-р тогтоолоор “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан. Мөн ОХУ, Монгол, БНХАУ гурван улсын төрийн тэргүүн нар 2016 онд Узбекстан улсад байгуулсан “Орос, Монгол, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг баталсан бөгөөд хавсралтаар баталсан 32 төслийн жагсаалтад төмөр замын зүүн коридорын төслийг судалж, эдийн засгийн үндэслэлтэй бол хэрэгжүүлэхээр тхирсон билээ. Дээрх бодлого, бичиг баримтын хүрээнд тусгагдсан Хөөт- Бичигтийн чиглэлийн 234 км төмөр зам, 34 км төмөр зам ашиглалтад орвол байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө буурч, бүс нутгийн хөгжил дэвшилд эерэгээр нөлөөлж, ажлын байр нэмэгдэх, бүтээмж өсөх зэрэг олон давуу тал бий болохыг компанийн удирдлагууд хэлсэн. Одоогийн байдлаар компанид 130 гаруй монгол хүн ажиллаж байна. Цаашид уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлж жилд 45-50 сая м3 уулын цул олборлож, жилд 7-10 сая тонн нүүрс олборлон борлуулах төлөвлөгөөтэй байгаа аж.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл