Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Юнител ХХК өнөөдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Дэд дарга Б.Халиун, Юнител ХХК-ийн Байгууллагын бизнесийн газрын дарга Б.Энхтүвшин болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Энэхүү санамж бичгийг байгуулснаар талууд гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, оролцоог дэмжихэд хамтран ажиллах юм. Тодруулбал, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай конвенц, Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд гэр бүл, хүүхэд залуучуудад чиглэсэн мэдээ мэдээлэл контентыг гаргаж олон нийтэд хүргэж хамтран ажиллана. Мөн гэр бүлийн боловсрол олгох, үнэ цэнийг нэмэгдүүлэх, хүүхдийн хөгжил, хамгаалал, залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлэээр зорилтот төсөл, хөтөлбөрийг жил бүр хэрэгжүүлэхээр боллоо.