О.Алтансүх: ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХҮМҮҮЖЛИЙН ТУХАЙ ЯРИХ ЦАГ ИРЖЭЭ

Нэмэгдсэн: 2018-05-07

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхтэй ярилцлаа.

-Та Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар томилогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Хийж, хэрэгжүүлсэн томоохон ажлууд, санаачилгуудаас чинь ярилцлагаа эхлэх үү?

-Цагийн байдлын хувьд нэлээд  өөрчлөлтийн, миний хувьд азтай гэж болохоор цаг үед би ажлаа хүлээж авсан л даа. Учир нь хүүхдийн салбар, тэр дундаа Хүүхэд хамгааллын тухай хууль батлагдаж, мөрдөгдөж эхэлсэн. Гэхдээ хүндрэл бол байсан. Тухайлбал, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Зөрчлийн тухай гээд таван хууль хэрэгжиж эхэлсэн. Хүүхэд хамгааллын хууль 2016 оны есдүгээр сараас хэрэгжээд эхэлчихсэн. Гэтэл Зөрчлийн тухай хууль нь бүр жилийн дараа хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотой хүндрэл багагүй гарсан. Тухайлбал, хариуцлага ногдуулах, шийтгэхтэй холбоотой зарим зүйл заалт нь Зөрчлийн тухай хуульд заагдсан байгаад байдаг. Ингэхээр Хүүхэд хамгааллын хууль бүрэн хэрэгжихэд хүндрэл үүсч байгаа юм. Гэхдээ бид Хүүхдийн эрхийн тухай, хүүхэд хамгааллын тухай хууль, тэдгээрийн зарчмуудыг олон нийтэд ойлгуулах, мөрдүүлэхээс гадна анхан шатны нэгж бий болгох тал дээр багагүй ажил хийгээд амжчихсан. Өөрөөр хэлбэл, хүүхэд хамгааллын хууль, эрх зүйн талын асуудлууд миний ажлаа авсан үед хэрэгжиж эхэлж, богино хугацаанд цэгцэрч, үр дүнд хүрч эхлээд байгаа нь олзуурхууштай. Үүний төлөө манай хамт олон болон хууль, шүүхийн байгууллагууд, яамдууд, агентлагууд, хүүхдийн төлөө зорилго чиг үүрэгтэй төрийн бус болон олон улсын байгуулагуудтай хамтарч ажиллаж байгааг онцлох хэрэгтэй.

-Ажлаа хүлээж авсан анхны өдөр энэ салбарт маш их зүйл хийх ёстой шүү гэж сануулах шиг нэг үйл явдал болсон. Найман настай, хөгжлийн бэрхшээлтэй охиныг гудамжинд хаягдсан байхыг манай байгууллагын дэргэдэх 108 тоот утсанд хүнд дуудлага өгч мэдэгдсэн байдаг. Тухайн үед 108 дугаар хохирогчийг эмнэлэг, цагдаа, хамтарсан баг руу холбон зуучлах л үйл ажиллагаа явуулдаг байсан. Гэтэл нөгөө хүүхдийг авах газар олддоггүй. Үүнийг хэрхэн шийдэх вэ гэсэн асуултаар миний ажил эхэлсэн гэж болно доо.

-Хохирогч хүүхдийг хамгаалах чиглэлээр та ямар шинэ ажил хийв?

-Тэгээд л 108 дугаарын утас хажуудаа хамгаалах байртай, дараагийн үйлчилгээнд холбон  зуучлах хүртэл хүүхдийг хамгаалдаг, аюулгүй байдлыг нь хангадаг, сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлдэг байх ёстой юм байна гэж бодсон. Тэгээд Засгийн газрын тогтоолоор орон нутаг, нийслэлийн хэмжээнд Түр хамгаалах байрнууд байгуулсан. “Өнөр бүл” хүүхэд хамгааллын төвийн бүтцийг нягтаршуулах, чиг үүргийг тодорхой болгож орон тоо хэмнэснээр 108 дугаарын үйлчилгээгээ бие даалгаад, дэргэд нь яаралтай түргэн тусламжийн тэрэгтэй болгосон. Одоо хүүхэд гэмт, хэрэг зөрчил, хүчирхийллийн дуудлага 108 утсанд өгөхөд л манай яаралтай тусламжийн машин тэр даруй очиж, үйлчилгээ үзүүлж, хамгаалах байранд авах шаардлагатайг нь авч байгаа. Энэ бүхний дүнд өнгөрсөн оны аравдугаар сарыг хүртэл буюу нийт зургаан сарын хугацаанд 320 гаруй хүүхдэд хамгаалан байршуулах үйлчилгээ үзүүлсэн байгаа. Гэмт хэргийн газар дээрээс 200 хүүхдийг хүчирхийллээс таслан зогсоож, аюулгүй байдлыг хангасан байна. Энэ бүхнийг цагдаагийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна. Өмнө нь хамгаалах байргүй байхад хүчирхийлэлд өртсөн, аваачих газаргүй хүүхдүүдийг зарим цагдаа гэртээ аваачиж байсан тохиолдол цөөн биш юм билээ.

Дээр нь бид Азид анх удаа хүүхдийн эрхийн улсын байцаагчийг гарган ажиллуулж байна. Улсын хэмжээнд ийм 32 байцаагч хүүхдийн эрхийн 16 зөрчил дээр шаардлагатай газар бүрт ажиллаж байна. Гэхдээ амьдрал дээр хүүхдийн эрхийн зөрчил энэ 16 зүйл заалтаар хязгаарлагдахгүй шүү дээ. Хууль зүйн сайд Зөрчлийн хуультай холбоотой иргэдийн гомдол, мэдээллийн дагуу дахин нягталж, уг хуулийг шинэчлэн найруулах ажлыг хийж байна. Энэ хүрээнд бид НҮБ-ын Хүүхдийн эрхийг хамгаалах сантай хамтраад хүүхдийн эрхийн зөрчлийн хүрээг өргөтгөх, шалган шийдвэрлэж байгаа хүмүүсийн орчин нөхцлийг сайжруулах тал дээр ажиллаж байна. Тухайлбал, өнөөдөр хуульд заагдсан 16 зөрчил 40 орчим болж нэмэгдэн, гэр бүл, эрүүл мэнд, боловсрол, олон нийтийн үйл ажиллагаа, хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах үйл ажиллагаа гэсэн таван хүрээнд зөрчлүүдийг нь ялгаж, зааглаад хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр ажиллаж байна. Жишээ нь, Хэвлэл мэдээллийн салбарын хувьд хүүхдийн эрхийг ийм ийм нөхцөлд зөрчсөн гэж үзнэ. Энэ тохиолдолд тийм хариуцлага ногдуулна гэх маягаар нэлээд нухацтай ажиллаж байна.

-“Өнөр бүл” хүүхэд хамгааллын төвд маш зөв менежмент хийсэн гэж санагдсан. Дотоод зохион байгуулалтыг гэр бүлийн зохион байгуулалтад оруулна гэдэг хүүхдүүдийн хүмүүжилд  өндөр ач холбогдолтой л доо.

-Өмнөх загварыг өөрчилсөн нь маш зөв шийдвэр. Яагаад гэхээр хүүхдийг хамгаалж байна гээд нэг газар бөөнөөр нь байлгахаас гадна бүгдийг нь хүн бэлдээд өгчихөөр бэлэнчлэх сэтгэлгээтэй, амьдралын хар бор ажил мэдэхгүй, адаглаад хувцсаа олигтой угааж, хоолоо хийгээд идчихэж чаддаггүй хүн болж төлөвших хандлагатай байсан. Өөрөөр хэлбэл, насанд хүрэхээрээ амьдрах чадваргүй голдуу хүмүүс тэндээс нийгэмд шууд гарах болчихоод байсан юм. Тэр битгий хэл мөнгө гэдэг зүйлийг бараг мэдэхгүй, мөнгөтэй хэрхэн харилцах, худалдаа хэрхэн хийхийг ч мэддэггүй хүүхэд цөөнгүй байсан. Ийм учраас хүүхдүүдийг насны дарааллаар нь ах, эгч, дүү болгож, нийгмийн ажилтнуудаа ээж болгоод гэр бүлийн зохион байгуулалтад оруулсан. Дээр нь өмнө нь нийтийн хоол, хувцас угаалга, арчилгаанд зарцуулдаг байсан төсвийг гэр бүлүүдэд хувааж, хуваарилаад, өөрсдөө хоол хүнсээ бэлдээд, гэртээ хоолоо хийж иддэг гэх мэт өөрчлөлт хийсэн. Мөн охид дотоод асуудлаа ярьдаг Охидын шивнээ гэсэн тусдаа өрөөтэй болголоо. Хүмүүс багагүй хандив, тусламж өгдөг юм. Түүнийг нь шууд хуваагаад өгөхгүй байхыг зорьж байна. Яадаг болсон бэ гэхээр зөвхөн “Өнөр бүл” дотор үйлчилдэг цаасан мөнгө гэж гаргаад гэр бүлүүдэд сар бүр цалингийн системээр мөнгө олгож байгаа. Түүгээрээ мөн  хүмүүсийн тусламжаар өгсөн зүйлсийг тавьсан дэлгүүрээс худалдаа хийлгэж, мөнгөтэй харилцах, ариглан гамнах ухаанд сургахыг хичээж байна. Нэг жишээ хэлэхэд, “Дүү бид хоёр энэ удаагийн цалингаасаа чихэр авалгүй оймс гэх мэт хэрэгтэй зүйлээ авахаар төлөвлөсөн” гэсэн санаачилга, зөв хандлага хүүхдүүдээс гарч байгааг дуулах сайхан байгаа.

--Энэ төвд хүмүүжиж, амьдарч байгаад 18 нас хүрээд явж байгаа хүүхдүүдийн нийгмийн асуудалд хэрхэн санаа тавьж байгаа вэ?

-БНСУ-д  хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах хөтөлбөрийн асуудлаар ажил өрнөж байна. Энэ жил асрамж, халамжийн төвөөс гарч буй 36 хүүхдийг эхний ээлжинд БНСУ руу явуулахаар ярилцаад явж байна. Солонгос руу ажиллахаар явсан тохиолдолд гэрээний хугацаанд байнга эргэж тойрдог үйлчилгээ хийхээр зорьж байна.

-Хараа хяналтгүй, гудамжинд амьдарч буй хүүхэд нэг хэсэг бараг байхгүй болсон байсан бол одоо бас мэр сэр харагдах болсон. Энэ тал дээр та ямар ажил хийж байна вэ?

-Хараа хяналтгүй, гудамжинд амьдарч буй хүүхдүүдийг бид хоёр жил дараалан илрүүлсэн. Эхний тооллогоор улсын хэмжээнд 94 хүүхэд гудамжинд, эцэг эх, гэр орноосоо дайжсан байдалтай байсан. Дорнод, Дархан-Уул, Орхон зэрэг  аймагт тэнэмэл гэгдэх хүүхэд цөөн тоогоор байдаг. Бусад аймаг, суманд байхгүй гэж болно. Тэднийг цуглуулж, заримыг нь асрамж, халамжийн төвүүдэд хуваарилж, түр байрлуулах, заримыг нь ар гэр, асран хамгаалагчидтай нь холбогдож гэрт нь хариулах гээд амжилт төдийлэн олоогүй. Тиймээс хараа хяналтгүй хүүхдийн “Нарт хангай” төвийг Багахангай дүүрэгт байгуулсан. Одоо тэнд 27 хүүхэд амьдарч байна. Нөхцөл байдал богино хугацаанд маш сайжирч байгаа.

-Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд үзүүлэх тусламж, анхаарал халамж маш хангалтгүй байгаа талаар иргэд ярьж, бухимдаж байна. Энэ талаар?

-Манай улсын хувьд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд нөхөн сэргээх үйлчилгээг огт хийгээгүй байсан. Насан туршийн хохирогч болсон эдгээр хүүхдүүдийн асуудлууд дээр хуульч мэргэжлээр гадаадад суралцсан залуучуудыг нэгтгэн клуб байгуулаад судалгаа гаргаж, тэдэнд хамаарах хэрэг мөрдөн байцаах, шүүхийн шатанд хэрхэн шийдэгдсэн, ял ногдуулах процесс нь хэрхэн явагдсан бэ гэдгийг дахин нягталж судалсан. Судалгааныхаа дүнг бүх талын байгууллагын төлөөллийг оролцуулаад танилцуулсан. Одоо бид стратегийн өмгөөлөл хийлгэхээр гурван хэргийг дахин сөхөөд явж байна. Энэ хүрээнд эрх зүйн орчин маань нэлээд сайжрах болов уу гэж төсөөлж байна. Үүнээс гадна бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдтэй ажилладаг, байнгын үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээг тогтмол, тогтвортойгоор бий болгохыг зорьж байна. Өнгөрсөн жил бэлгийн хүчирхийлэлд өртсөн 131 хүүхдэд нөхцөл байдлын үнэлгээ хийж, 65 хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хамгааллын үйлчилгээ үзүүлсэн байна. Мөн 113 хүүхдэд эрх зүйн, 109 хүүхдэд сэтгэл зүйн туслалцаа үзүүлж, хууль ёсны төлөөлөгчөөр 78 хүнийг томилон ажиллуулж байна. Хүүхдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлуудыг ч бид хийж байна.

-Энэ гэмт хэрэг гэр бүлийн анхаарал халамж муугаас дийлэнх нь болж байгаа. Иймд бага насны хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчдыг мэдлэгжүүлэх, тэдэнд  нөлөөлөх нөлөөллийн ажиллагаа чухал байх л даа?

-Хүүхдийн аливаа хүчирхийлэл тэр дундаа бэлгийн хүчирхийлэл бол гэр бүл, эцэг, эхийн хариуцлагагүй, анхаарал халамж муутай байдалтай шууд холбоотой. Баримт хэлэхэд, зөвхөн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн хохирогчдын 74 хувь гэр бүлийн ах дүү, аав, ураг төрлийнхөндөө хүчирхийлүүлсэн байдаг. Энэ юу хэлээд байна вэ гэхээр эцэг, эхчүүд л маш анхаарал, болгоомжтой байх хэрэгтэйг харуулж байгаа юм. Жишээ нь, хөдөөнөөс ирсэн ахтайгаа ээж нь охиноо “Ээжийнхээ ахад өвөртлүүлээд унтчих аа, миний охин” гээд унтуулснаас болоод охиныг нь хүчиндсэн тохиолдол байна. Тэгэхээр ээжүүд маш болгоомжтой, мэдлэгтэй байж зөв хүмүүжил олгох хэрэгтэй. Хажуугаар нь хүүхдэдээ өөрийгөө хамгаалах аргуудыг, дохио, зангаа хийгээд бусад харилцааны нууц аргуудыг зааж өгөхөд буруудахгүй. Ер нь хүүхдийг гэр бүлийн орчинд л хүмүүжүүлж, хамгаалахаас өөр найдвартай арга байхгүй шүү дээ.

-Хамгаалал зайлшгүй шаардлагатай хэчнээн хүүхэд байна вэ?

-Орон нутагт нэг сумын хэмжээнд нийт хүүхдийн 4.5 хувь,  нийслэлд аль ч дүүргийн хувьд нийт хүүхдийн 10 гаруй хувь нь хамгаалуулах шаардлагатай байдаг. Өөрөөр хэлбэл, айлд тавиулаар байж сургуульд суралцаж байгаа, аав ээж нь хамаатныдаа орхиод гадаад явсан, архины хамааралтай гэр бүлд өсөж байгаа гэх мэт нөхцөл байдлаар дүгнэхэд шүү дээ. Бид Европын холбооноос зарласан нэг чухал тендерт ялчихаад байж байна. Энэ хүрээнд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг байнгын бүртгэлтэй, хяналт тавьдаг гэх мэт олон улсын стандартад нийцсэн насан туршийн хяналтын үйлчилгээг үзүүлэг болохоор зорьж байна.

-Гэр бүлийн тухай хууль батлагдсанаар ямар ач холбогдолтой талаар хэлж өгөөч?

-Гэр бүлийн тухай хууль бол манай эцэг хууль байх ёстой. Маш олон зүйл энэ хуулиар зохицуулагдана. Жишээ нь, энэ хуулиар тэжээн тэтгэх үүргийн сан гэж улсаас нэг удаа санхүүжих сан байгуулагдана. Тодруулбал, аав, эсвэл ээж нь тэжээн тэтгэх үүрэг хүлээдэг.  Гэтэл зөвхөн 2017 оны байдлаар 6.4 тэрбум төгрөгийг шүүхийн шийдвэрийнхэн асран хамгаалагчдад авч өгөх ёстой байсан. Үүний ердөө нэг тэрбум орчим нь л өгөгдсөн байна. Үүний цаана хүүхдээ өсгөж байгаа асран хамгаалагч ээж, аавууд эдийн засгийн хувьд хохирол амсч, амьдралын баталгаажих түвшин нь улам бүр доройтож байгаа юм. Хүүхэд, ээжүүдийн амьдралын нөхцөл байдал улам доройтож, хүндэрч байна гэсэн үг. Тиймээс Тэжээн тэтгэх үүргийн сан байгуулж, шүүхийн шийдвэрээс гаргасан тэтгэмжийг энэ сангаас асран хамгаалагчид нь олгодог болох юм. Харин тэр зардлыг тэтгэмж өгөгчөөс сан руу нөхөн төлүүлж хийлгэх юм. Төр мөнгөө авахын тулд ажлаа хийнэ. Ийм зарчмаар ажиллах нь хүүхдэд ч, нийгмийн бодлогод ч үр дүнгээ өгнө. Түүнчлэн гэр бүлийн шүүхтэй холбоотой харилцааны  асуудал тусгагдсан. Үүгээр гэр бүлийн салалтыг царцаана. Өдгөө ажиллаж байгаа гэр бүлийг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны мэргэжилтнүүд нь дандаа эрхзүйчид. Энэ асуудалд гэр бүл судлаач, шинжээчид ажиллах ёстой юм. Мэргэжлийн арга зүйн зарим дутагдалтай тал байгаа учраас мэргэжлийн хүмүүсийг ажиллуулах зайлшгүй шаардлага бий. Өнөөдөр Монгол Улсад 14 хэв маягийн гэр бүл амьдарч байна гэж судалгаагаар тогтоосон. Өөрөөр хэлбэл, ах дүүсээрээ амьдардаг, залуу, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй гэх мэт. Тиймээс бүгдэд биш хэв маягт нь тохируулсан төрийн үйлчилгээ байх ёстой гэж үзэж байгаа. Үнэндээ манай байгууллагын зүгээс зарцуулж байгаа нийт төсвийн дийлэнх нь дээр ярьсан хүчирхийлэлд өртөж буй хүүхдүүдэд л зарцуулагдаад байгаа юм. Үүнийг бид салбарынхаа нийт хэмжээнд зохих хүмүүст нь хүргэх ёстой гэж үзэж байгаа. Хэдийгээр төсөв мөнгөө бүгдийг зарцуулж байгаа ч хүчирхийлэлд өртөгчдийн хувь буурахгүй байна. Энэ юу хэлж байна вэ гэхээр гэмт хэрэг үйлдэгч, ар гэрийнхэн дээр арга хэмжээ авахгүй бол энэ тоо хэзээ ч буурахгүй гэсэн үг. Монгол Улс Хүн амын халамжид суурилсан бодлогод нийтдээ 1.9 их наяд төгрөгийг 74 төрлийн халамжид жилдээ зарцуулдаг. Энэ тоо мөн л буурахгүй. Энэ бас л цаад эх үүсвэртэй нь ажиллахгүй бол болохгүй гэдгийн илрэл.

-Тэгвэл хүүхдийн хөгжлийн чиглэлээр ямар ажлууд санаачилж байна вэ?

-2018 оныг бид гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээр хөгжлийн үйлчилгээний нэр төрлийг тодорхой болгоё, үйлчилгээний жишиг тарифыг бий болгоё гэж зорьж байна. Ингэснээр зөвхөн манай газар биш хувийн хэвшил, багш, сурган хүмүүжүүлэх чиглэлийнхэн хүүхдийг хөгжүүлэх үйлсэд оролцох боломжтой болно. Өдөр өнжүүлэх төвүүдийг хөгжлийн үйлчилгээ рүү чиглүүлэх хэрэгтэй. 2019 оноос хүүхдийн зуслан, ордонгуудыг төрөөс санхүүжүүлдэг болохоор судалгаа хийж байна. Хүүхдээ хөгжүүлэх үйлчилгээнд л бид мөнгө зарахгүйгээр хэчнээн халамж, тусламжийн үйлчилгээ хийгээд урагшаа ахихгүй. Хүүхдийг аль болох зав чөлөөгүй, үеийн нөхөдтэйгээ харилцдаг, ойлголцдог, хамтдаа хөгждөг системийг бий болгох хэрэгтэй.

-Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль 2017 онд батлагдсан. Энэ хуулийн хүрээнд ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Олон жил яригдсаны эцэст Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль батлагдсан. Үүнтэй холбоотойгоор 21 аймаг, есөн дүүрэгт залуучуудын хөгжлийн төв байгуулж эхэллээ. Уг төвөөр амьдрах ухааны сургалтууд, хүмүүжлийн эерэг аргын талаарх сургалтыг залуу эцэг, эхчүүдэд зохион байгуулна. Мөн ахлах ангийнханд зориулсан “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ”  чиглэлээр бүх аймаг, дүүргийн 8, 9, 10, 11, 12 дугаар ангийнханд сургалт зохион байгуулж байна. Энэ мэт маш олон жил хийгдэж, үр өгөөжөө өгч эхлээд байна. Бид нэг туршилт хийж үзсэн. Монгол Улс 21 нас хүрээгүй хүнд архи, согтууруулах ундаа зарахгүй гэсэн хуультай. МХЕГ, ЦЕГ-тай хамтраад бид 67 мянган аж ахуйн нэгж дээр энэ хуулиа хэрэгжүүлээчээ гэсэн утгатай зурагт хуудас наасан. 460 тохиолдлын гэнэтийн шалгалт хийхэд зөвхөн  нэг сарын дотор согтуурсан үедээ үйлдэх гэмт хэргийн тоо 66.2 хувиар буурсан дүн гарсан. Эрүүлжүүлэхэд орсон хүний тоо өмнөхөөс хоёр дахин буурсан үзүүлэлт гарсан. Энэ юу хэлж байна вэ гэхээр зөвхөн Архи, согтууруулах ундааг 21 хүртэлх насны хүнд худалдахгүй гэсэн заалтыг л ягштал мөрдчихөд гэмт хэргийн гаралт ийм хэмжээгээр буурна гэсэн үг. Бид залуучуудыг архинаас гаргахгүй бол болохгүй нь гэдгийг иргэдэд ухуулах, ойлгуулах ажлыг эрчимтэй хийх хэрэгтэй байна. Хамгаалах байруудад очоод үз. Монголчууд яаж амьдраад байгаа юм бэ гэмээр дүр зураг тэнд бий. Тийм болохоор хүчирхийллийн томоохон үүсвэр болсон архинаас гаргах ажиллагааг дорвитой хийх хэрэгтэй. Үүнтэй холбоотойгоор архинаас гаргадаг арав орчим нэр төрлийн эм, эмийн бүтээгдэхүүнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас үнэ төлбөргүй олгодог болгох талын судалгаа хийж байна. Мөн Хүмүүжлийн эерэг арга, Гэрээр айлчлах хөтөлбөрийг 24 мянган өрхөд хийхээр төлөвлөж байна. Үүнийхээ хажуугаар Өрхийн эмнэлгүүд дээр архинаас гаргах сэтгэл зүйн эмчилгээнүүдийг давхар хийгээд явахыг зорьж байна. 

-Хүүхэд хамгааллын даатгалтай болгох тухай яриа гарсан байсан. Энэ үнэн үү?

-Бид даатгалын компаниудтай хамтын ажиллагаа өрнүүлж байна. Хүүхэд хамгааллын даатгал Азид бараг байхгүй байх. Энэ яадаг вэ гэхээр алга болсон хүүхдийг эрэн хайхаас эхлээд нөхөн сэргээх, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн эмчилгээний зардал гэх мэт хүүхэд хамгаалалттай холбоотой бүх үйлчилгээг даатгалын системд оруулж байна. Үүний тулд тун эрсдэлд амьдарч байгаа 7000 хүүхдийг төрөөс эхний ээлжинд даатгана. Үүнд улсын хэмжээнд байгаа бүтэн өнчин 3200 гаруй, архины хамааралтай гэр бүлд амьдарч байгаа, хурдан морь унадаг  болон асрамж, халамжийн төвүүдийн гэх мэт хүүхдүүд үүнд орох юм. Даатгалтай холбоотой судалгаа, ажлуудыг хийгээд явж байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийг хамгаалахаас гадна амьдрах орчин нөхцлийг сайжруулах тал дээр нэлээд шүүмжлэл бий.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг асарч, сувилах 250 хүүхдийн багтаамжтай амбулатори болон хэвтэн эмчлүүлэх тасагтай төв ирэх онд ашиглалтад орно. Мөн гэрээр болон бусад чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг 38 байгууллагыг магадлан итгэмжлэлд оруулсан. Түүнчлэн хуулиар бидэнд Хамтарсан багийг чадавхжуулах үүрэг байхгүй ч бид 2017 онд үүнийг хийсэн. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийг бид чадавхжуулж байж энэ төрлийн гэмт хэрэг буурах учраас бид санаачилгаараа хамтарсан багийн гишүүдийг нэг модулиар сургалтад хамруулах гэх мэт багагүй зүйл хийсэн.

-Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, тусламж, анхаарал шаардлагатай хүүхэд, эмэгтэйчүүдэд мэргэжлийн зөвлөгөө, сэтгэл зүйн засал хийх мэргэжлийн боловсон хүчний хувьд манайх хангалттай байж чаддаг уу?

-Энэ бол хамгийн том асуудал. Хэдий өнөөдөр мэргэжлийн, чадварлаг, мэргэшсэн боловсон хүчин дутагдалтай байгаа ч бэлтгэхийн төлөө, илүү олон болгож, ажлаа чанартай, үр дүнтэй байлгахын төлөө бүх талын оролцоог ханган мэргэжилтнээ чадавхжуулах тал дээр хамтран ажиллана. Гэхдээ бидний санааг зовоож байгаа асуудлын нэг энэ яах аргагүй мөн.

-Ярилцлагынхаа төсгөлд, Монголын хүүхэд, залуучууд, гэр бүлийн төлөө хийхээр зорьж буй хамгийн том ажлаа хэлээч гэвэл та юуг нэрлэх вэ?

-Би болоод манай хамт олон салбарынхаа асуудал, бэрхшээл, хүндрэлүүдийг ер нь тодорхойлчихлоо, багцааг нь ер нь ойлгочихлоо гэсэн амбицтай байгаа шүү. Бид яах ёстой вэ гэвэл үйлчилгээний нэр төрлөө маш тодорхой болгож, тэр дагуу ажиллах чиг үүргээ тодорхойлох зайлшгүй шаардлага байгаа юм. Тодруулъя л даа, Халамж гэхэд хүн амын тодорхой хувьд 74 төрлийн халамж үзүүлдэг. Тэгэхэд манайх гэр бүл, хүүхэд, залуучууд гээд тэдэнд хамаарах бүх чиглэлд ажиллаж байгаа ч үйлчилгээний нэр төрөл нь тодорхой бус явж байгаа. Тэгэхээр бид үүнийг маш тодорхой болгохыг зорьж байна. Жишээ нь, бидэнд хамааралтай хүүхэд хамгааллын ес, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг дөрөв, хөгжлийн арав гэхээр нийтдээ 23 төрлийн үйлчилгээг манай байгууллага хүн амд үзүүлдэг гээд тодорхой хүрээ, баримжаа, тоотой болох ёстой юм. Ингэснээр бид төсөв дээр хүртэл тодорхой тоо яриад сууж байх болно. Гэтэл бараг бүх салбарт тодорхой биш атлаа бидний оролцоо байдаг, биднээс хэн дуртай нь хариуцлага шаардаж байдаг байдалтай явсаар иржээ. Үүнээсээ болоод шоовдорлогдсон ч гэмээр юм уу, төсөв мөнгө ч байхгүй явж ирлээ. Үүнийг бид өөрчилнө. Хамрах хүрээгээ тодорхой болгоод, хумихыг нь хумьж, тэлэхийгээ тэлнэ. Хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр чадавхжуулах, хүүхэд, залуусын хөгжлийн асуудлуудад гол анхаарлаа хандуулна.  

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл