Ирэх оны Үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ-д өргөн барив

Нэмэгдсэн: 2018-04-30

Засгийн газар ээлжит бусаар хуралдаан “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэн УИХ-д өргөн барилаа.

  Үндсэн чиглэлд тусгасан зорилт, арга хэмжээнд нийт 8 их наяд 780 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон байна. Үүний 5 их наяд 170 гаруй тэрбум төгрөгийг төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр төлөвлөжээ.

  Ирэх оны үндсэн чиглэлд Макро, эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн таван бүлэг, 20 зорилт, 123 бодлогын арга хэмжээг тусгажээ.

  Макро эдийн засгийн бодлогын хүрээнд татварын орчныг шинэчлэх замаар хөрөнгө оруулалтыг дэмжиж эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах юм. Мөн инфляцийг зорилтот түвшинд байлгаж, ажилгүйдлийг бууруулан, нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдлыг бууруулна.  Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, хөрөнгө оруулалт татан, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг хангана гэж тусгасан байна.

  Ирэх онд хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг эрчимжүүлж, малын ашиг шимийг нэмэгдүүлэн, хөнгөн хүнс, жижиг, дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжинэ. Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбараа хөгжүүлж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөсөн байна. Эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах, зам, тээвэр, ложистикийн сүлжээг өргөжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авах юм. Дээрх салбаруудын өсөлтийн дүнд Дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт хангагдана гэж Засгийн газар үзлээ.

  Төрийн цахим үйлчилгээ нэвтрүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан хот, суурин газрыг төлөвлөх, шаардлагад нийцсэн барилгын үйлдвэрлэлийг дэмжих, аюулгүй хүртээмжтэй орон сууцаар хангахаар төлөвлөж байна.

Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмж, ая тухтай сурч, боловсрох орчныг бүрдүүлэх бодлого хэрэгжүүлнэ. Нийтийн биеийн тамир, зохистой хөдөлгөөнөөр хичээллэсэн  иргэдийг Эрүүл мэндийн даатгалын сангаас урамшуулах юм. Эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, шинжлэх ухаан, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыг өргөжүүлнэ.

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, урьдчилан сэргийлэх үзлэгийг нэмэгдүүлэх зэргийг Үндсэн чиглэлд мөн тусгасан байна.

Ирэх онд эрх зүйн салбарын шинэчлэлийг үргэлжлүүлж, төрийн болон орон нутгийн өмчийн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. Хилийн чанад дахь иргэдийнхээ эрх ашгийг  хамгаалах чиглэлээр улам идэвхтэй ажиллаж, энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлнэ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

Дараах хүмүүсийг Элчин сайдаар томилуулахаар дэмжив

Монгол Улсаас Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэг, Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргал, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболд, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Элчин сайдаар Наранхүүгийн Тулга, Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гончигзэвэгийн Тэнгэр, Тайландын Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Наваан-Юндэнгийн Чимгүүндарь нарыг тус тус томилуулах асуудлыг хэлэлцэн дэмжиж, энэ тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо.

О.Энхцэцэг дипломат албанд 31 жил ажилласан, 2017 оноос Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байна.

Д.Батжаргал төрийн албанд 31 жил ажилласнаас дипломат албанд 11 жил ажилласан. 2016 оноос Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр ажиллаж буй.

Я.Ариунболд дипломат албанд 22 жил ажиллаж буй бөгөөд 2016 оноос Гадаад харилцааны яамны Консулын газрын захирлаар ажиллаж байна.

Н.Тулга дипломат албанд 29 дэх жилдээ ажиллаж буй. 2017 оноос Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газарт зөвлөхөөр ажиллаж байна.

Г.Тэнгэр төрийн албанд 9, дипломат албанд 1 жил Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байсан. 

Н.Чимгүүндарь дипломат албанд 11 жил ажилласан, 2018 оноос Гадаад харилцааны яаманд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл