2012 онд болон энэ жил ЗХЖШ-аас цэргийн тэтгэвэрт гарсан бэлтгэл офицерууд Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэх ёслолд ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай тэргүүтэй тус штабын бүрэлдэхүүн оролцлоо. Бригадын генерал Т.Дашдэлэг, хурандаа Ц.Цэвээнсүрэн, Р.Цэрэнням, Ч.Хүрэлбаатар, Ш.Жаргалсайхан , З.Нармандах, Д.Ганхуяг, П.Батцэнгэл, дэд хурандаа Б.Наянбуу, Г.Цогтсайхан, У.Дэмбэрэл нар гавьяаны амралтад гарч байгаа ажээ. Энэ үеэр бэлтгэл хурандаа Ш.Жаргалсайхан “Эх орныхоо төлөө алтан амиа өргөхөд хэзээд бэлхэн байж цэргийн албыг 30 жил хаасандаа бахархалтай байна.
Энэ хугацаанд анги, салбараас эхлээд цэргийн дээд шатны байгууллага, хилийн чанадын орнуудад цэргийн ажиглагч гээд бүх л шатанд албаа амжилттай хааж байлаа. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэсэн уриан дор олон сайхан хүмүүстэй мөр зэрэгцэн алба хашиж байсандаа баяртай байна” хэмээн ярьсан юм. Мөн ЗХЖШ-т шинээр орж буй алба хаагчид тангаргаа өргөлөө.