Шадар сайд Ө.Энхтүвшин: Монгол Улсынхаа хөгжил, аюулгүй байдлын төлөө хамтдаа зүтгэцгээе

Нэмэгдсэн: 2017-12-29

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Онцгой байдлын байгууллагын 2017 оны үйл ажиллагааны тайлангийн хуралд (2017.12.28) оролцов. Тэрбээр Онцгой байдлын албаны үйл ажиллагааг дүгнэн, алба хаагчдад хандан хэлсэн үгэндээ “Бид бүхэн 2017 онд гамшгаас хамгаалах эрхзүйн болон бодлогын баримт бичгийн шинэчлэлтийг хийх, албаны чадавхыг бэхжүүлэх талаар хэд хэдэн томоохон арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Улиран одож буй хуучин он ололт амжилтаар дүүрэн байсан хэдий ч бид бүхний гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдал, мэдлэг, ур чадварыг сорьсон бэрхшээлтэй үйл явдлууд нэлээд тохиолдлоо. Өнгөрсөн хавар, зуны ой, хээрийн түймэр, үндэсний үйлдвэрлэгч Говь ХК-ийн үйлдвэрт гарсан гал түймэр, Завхан аймгийн Отгонтэнгэр ууланд тохиолдсон ослын үед Онцгой байдлын байгууллагын удирдлага, аврагч, гал сөнөөгчид мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж, төр засаг, иргэд, олон нийтийн талархлыг хүлээснийг энд тэмдэглэн хэлэхэд таатай байна” гэлээ.

Шадар сайд түүнчлэн “Монгол Улсын Засгийн газар Гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог орчин үеийн бодлого, чиг хандлага, техник технологитой уялдуулж, Онцгой байдлын албыг бэхжүүлэхэд манлайлан ажиллаж байгааг НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас өндрөөр үнэлж байгааг эрхэм албан хаагч Та бүхэнд уламжилж байгаадаа баяртай байна” гээд “Бид бүхэн 2018 онд Гамшгийн эрсдлийн бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэхүү хурлыг амжилттай зохион байгуулж Монгол Улсын гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр бүс нутгийн хэмжээнд хүрсэн манлайллыг бататгах, олон улсын түвшинд эх орныхоо эзлэх байр суурийг нэмэгдүүлэхэд та бидний хамтын ажиллагаа ихээхэн чухал” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

Онцгой байдлын байгууллага 2017 оны ажлаа 92,8 оноогоор “А” үнэлгээтэй дүгнэснээ Шадар сайд Ө.Энхтүвшинд тайлагналаа.Шадар сайд байгууллагаа ажил үйлсээрээ манлайлсан шилдгүүдэд шагнал гардуулав.

Шадар сайд Ө.Энхтүвшин “2018 онд биднийг их ажил хүлээж байна. Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах эрх, эрх чөлөөг баталгаажуулах, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа та бүхэндээ баярлалаа. Та бүхэн энэхүү хүндтэй үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж, хууль дээдлэх зарчим, өндөр ёс суртахуунтай, сахилга баттай, хариуцлагатай ажиллаж чадна гэдэгт итгэл төгс байна. Монгол Улсынхаа хөгжил, аюулгүй байдлын төлөө хамтдаа зүтгэцгээе” гэв гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл